“Абсолют пикчерс” студийн шинэ бүтээл “Илд цэцэг” уран сайхны кино энэ сарын 3-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

Уг кино  нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө гэх сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ.  Мөн энэхүү кино нь найруулагч  П.Дэлгэрбаярын 8 дахь уран бүтээл юм. Тэрбээр 2003 онд “Найзууд” киног анх бүтээн үзэгчдэд толилуулсанаас хойш “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл” киног найруулж, “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу?” кинонд багаараа ажиллаж байв.

“Илд цэцэг”-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчдийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх  биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон. Кинонд Ц.Төмөрхуяг, Т.Өөдөө болон олон залуу уран бүтээлчид оролцон тогложээ.

Киноны уран бүтээлчид киногоо үзэгчдийн хүртээл болсны дараа олон улсын кино наадамд сойх аж. Тус бүтээл дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай аж.