Нийслэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө“ шинэ жилийн баярын цэнгүүн Их эзэн Чингис хааны талбайд 12 сарын 31-нд 22:00-24:00 цагт болно.
 Энэ үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгааг бид нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тодруулллаа. 
 
-Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах арга хэмжээний үеэр замын хөдөлгөөний ямар зохицуулалт хийх вэ?
 
-Нийслэлчүүдийн шинэ оноо угтах баярын арга хэмжээ 22:00 цагаас албан ёсоор эхлэх хуваарьтай байгаа. Энэ үеэр замын цагдаагийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.
 
Гол нь иргэдийн аюулгүй байдалд онцгой анхааран зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Аль болох баярын цэнгүүн зохион байгуулах үеэр талбайн баруун, зүүн талын замыг хаахгүй, хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.
 
Иргэдийн хөдөлгөөний нягтрал ихтэй, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдвэл тухайн үед нь уулзварууд дээр 3-5 минутын хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хаах маягаар зохицуулна.
 
- 12 сарын 31-нд тээврийн хэрэгслийг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үйлчлэх үү?
 
- 12 сарын 31 бол бүх нийтийн амралтын өдөр биш.  Ердийн ажлын өдөр. Тиймээс НИТХ-аас тогтоосон журам хэвээр мөрдөгдөнө. Өөрөөр хэлбэл энэ өдөр Мягмар гараг учраас 2,7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй.
 
Харин 1 сарын 1 буюу шинэ оны эхний өдөр албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 1 сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ.
 
 Ер нь баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ уртасгасан цагаар  ажиллана гэдгээ бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийг сонгон үйлчлүүлээрэй гэж хүсэе.
 
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс