Их хотын иргэн та автобусны буудалд унаа хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Таны суух автобус хаана явааг интернэт ашиглан хялбархан мэдэж болно.

“БиТиЖиТи” компаниас санаачлан бүтээсэн энэ үйлчилгээнд эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус-1”, “Цахилгаан тээвэр” компанийн 200 орчим тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Зорчигч таны хувьд интернэтээр http://bus.gps.mn хаягаар нэвтэрч, аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж болох юм. 

“БиТиЖиТи” компанийн зүгээс тун удахгүй iPhone болон Android үйлдлийн системтэй гар утсанд зориулсан app гаргахаар ажиллаж буй гэнэ. Түүнчлэн хамрах хүрээг нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй бусад компаниудын автобуснуудыг хамруулах зорилготой байгаа ажээ. Тэгснээр бүх чиглэлийн бүх автобусны байрлалыг харах боломжтой болох юм. 

Дашрамд, ирэх арваннэгдүгээр сарын 1-нд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооллын автобусны буудалд мэдээллийн LED самбар байрлуулахаар болжээ.