МҮЭХ-ноос тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг нэмэх хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах асуудлыг энэ сарын 08-ны дотор шийдвэрлэхийг Засгийн газраас шаардлаа.

Улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байхад Засгийн газар, ОУВС-тай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 5 хувийн өсөлт үзүүлсэн. Эдийн засгийн хүндрэлээс гарах боломж нээгдэж байгаа тул ОУВС-тай хийсэн хэлэлцээртээ өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдгийг МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэллээ.

Мөн тэрбээр, “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар түншлэгч байгууллагууд буюу Засгийн газар, МАОЭНХ болон МҮЭХ урьдчилан ярилцаж, зөвшилцөнө гэж заасан. Тиймээс тэтгэвэрт гарах нас болон ХХОАТ-ын нэмэгдэл нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаад үнэлгээ хийх хэрэгтэй. Энэхүү үнэлгээнд тулгуурлан хуулийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцэн батлах нь зөв. Тиймээс өнөөдөр хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлж байна. Мэдэгдлийн хариуг өгөхгүй бол бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно” гэлээ.

Харин тус холбоо Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэв.