Гэрэл зургийг Г.Базаррагчаа

“Найман шарга” валют арилжааны төвийг БНХАУ-ын нэгэн иргэн удирддаг болоод удаж байгаа гэнэ. Тэр хятад эр дуртай цагтаа валютын ханшийг дээш доош нь болгон хэлбэлзүүлж, эдийн засгаар тоглож “удирддаг” тухай эх сурвалж дурдлаа.

Мэдээж түүний гар хөл бологсод нь “Найман шарга” валют арилжааны төвийн нэр нөлөө бүхий хэдэн ченж аж. Валютын үнийн өсөлтийг хятад эр удирдаж байгаа талаарх төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох дээрх мэдээллийн талаар нэгэн эх сурвалж манай сонины редакцид мэдэгдсэн юм. энэ талаар сурвалжлахаар “Найман шарга” валют арилжааны төвийг зорилоо. Биднийг очих үед ам.долларыг 2425 төгрөгөөр авч, 2432 төгрөгөөр зарж байсан юм. Харин юанийг 370 төгрөгөөр худалдан аваад 373 төгрөгөөр зарж байлаа. Мөн лин Жань гэх хятад эрийн талаар “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд андахгүй байлаа.

Сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус төвд хэд хэдэн удаа гэнэтийн шалгалт хийсэн гэнэ. Цагдаа нар ченжүүдийг валютын ханш хөөрөгдөхийн тулд албаар валютын хомсдол бий болгож байна уу гэдгийг шалгаж хянадаг болсон байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ч хэд хэдэн удаа хяналт шалгалт хийжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Тагнуулын ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн зургаан ченжийг саатуулж, хэдэн сараар байцаалт авсан байна. гэхдээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй явуулжээ. Энэ нь валютын ханшийг дур зоргоороо хөөрөгдөж, буулгадаг эрхмийг тогтоох ажиллагааны нэг хэсэг байсан бололтой.

Ченжүүдийг хятад эр удирддаг талаар хэд хэдэн газраар орж асуулаа. Ченжүүд өөдөөс том харж байснаа “Хэн тэгж байгаа юм. Хятадууд адууны мах худалдаж авч байна. Ноолуур авч байна гэсэн болохоос валют авч байна гэж дуулаагүй юм байна” гэж хэлэх хүнтэй ч тааралдаж байв.

“Монголын ченжүүд ам. долларыг лин Жань гэх хятад эртэй нийлээд л зохиомлоор хөөрөгдөж байна” гэв. Өөрийгөө г.Ууганжаргал хэмээн танилцуулсан нэгэн ченж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Та энд хэдэн жил валютын ченж хийж байна вэ?

-Би энд арав гаруй жил болж байна даа. Намайг гадаа зогсоод валют худалдаж авдаг байх үед буюу 2008 онд ам.доллар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэнэт өсөөд ёстой бужигнаан болж байлаа. Тэр цагаас хойш ам. долларын үнэ ханш дандаа л өссөөр өнөөдрийг хүрч байна. Тэр үед улстөрчид ам.долларыг гурван оронтой тоо руу эргүүлэн оруулна гэж яриад л, Монголбанкнаас арга хэмжээ авч, ам.долларынхаа нөөцийг зах зээл дээр гаргаж байсан. Ер нь сүүлийн жилүүдэд ам.долларын үнэ ханш нэмэгдэж байгаатай холбоотойгоор төр засгаас хий хоосон хөөрөгдөл бий болгохгүй гэж хэрэндээ л анхаарч, тодорхой шат дараалсан ажлуудыг хийгээд байгаа. Гэсэн ч төр засгаас хамаарахгүйгээр үнэ ханш хэлбэлзээд байх юм байна шүү дээ.

-Нэг хятад эр валютын үнэ ханшийг зохиомлоор нэмж хасаад байдаг гэсэн үнэн юм уу.Та тэр талаар дуулсан уу?

-Мэдэлгүй яах вэ. Лин шань гэх хятад эр байдаг. Тэр хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдээд эхэлчихдэг. “Найман шарга” дээр хэдэн төрлийн ченжүүд байдаг. Миний хувьд энэ хавийн том тоглогчдын нэг биш. Зүгээр л бага хэмжээний ашиг олох гэж байгаа жирийн л нэг ченж. Сүүлийн жилүүдэд энд байр түрээслээд дулаан газарт валют худалдаж аван, зарж борлуулаад зогсож байна. Монголын валютын зах зээлийн эзэн нь болоод суучихсан их хэмжээний мөнгөтэй хүмүүс бий. Тэдний хүсэл сонирхлоор бид ажиллаж байна. Харин гадаа зогсож байгаа ченжүүдийн хувьд бага хэмжээний мөнгө эргэлдүүлж цөөн хэдэн төгрөгийн унац хүртэж байгаа хүмүүс юм. Би чамд сүүлийн жилүүдэд валютын ханш яагаад өөрчлөгдөөд үнэ ханш нь дээш, доошоо савлаад байгаа талаар ярьж өгөх үү.

-Тэг л дээ?

-Би дээр Лин шань гэх хятад эр байдаг гэж хэлсэн. Тэр нөхөр ирээд л босс ченжүүдтэй хоол унд идэж уугаад наргиж цэнгээд эхэлдэг. Манайхан ч хүүхэн, байрлах буудлыг нь бэлдэж өгөөд хамгаалалт гаргаж өгдөг. Ингээд нөхөр манай ченжүүдэд мөнгө өгчихдөг шиг байна лээ. Тэгээд “Урд өдөр нь хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж хэлдэг гэсэн. “Тэр мөнгийг нь би тэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас чамд тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Нөгөө хүмүүс нь маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад нөгөө хятадад өгчихдөг. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна бас мөнгө тараагаад байдаг. Тэгэнгүүт ам.доллар хомсдоод эрэлт нь нэмэгдээд ирдэг. Энэ үед Монголбанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь мөн л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй ам.долларын үнэ ханш нэмэгдэж байгаа юм. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. Өөрөөр хэлбэл, албаар зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн хятад ямар ч алдагдалгүй. Харин ч ашигтай ажиллана. Ченжүүд мөнгө л олж байвал ард иргэд хөөрөгдсөн үнээр валют худалдаж авах эсэх нь хэнд ч хамаагүй. Ингээд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд дахин буурч, эдийн засаг хямраад эхэлдэг. Монголбанк сүүлдээ учраа олохоо байгаад “Найман шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг. Нэг мөнгөтэй хятад эр Монголын эдийн засгаар ингэж л тоглож байна шүү дээ. Одоо харж л байгаарай сар шинэ дөхөөд ирэхээр нөгөө хятад ирнэ. Мэдээж ам.долларын үнэ ханш нэмэгдэх нь тодорхой.

-Нэг хятад Монголын валютын ханш дээр тоглолт хийнэ гэдэг бас эргэлзээтэй асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтынхан мэддэггүй юм уу?

-Уг нь мэднэ. Даанч гэмт хэрэгтнүүдийг барьж аваад хорьж цагдаад үнэн мөнийг тогтоож чадахгүй байгаа юм. Цагдаа нар үнийн хий хоосон хөөрөгдөл болоод байна гэдгийг мэддэг. Тэгээд ченжүүдийг шалгахаар ямар ч хууль зөрчсөн үйлдэл гарч ирэхгүй. Ченжүүд мөнгө авсан өгсөн талаар нэг ч тэмдэглэл хөтлөхгүй. Тэгэхээр хэдэн төгрөгтэй байж байгаад хэд болгоод байгааг хянах ямар ч боломж байхгүй. Хятад эрээс бид мөнгө аваад байгааг мэдээд байгаа мөртлөө шууд бэлнээр авчихаж байгаа болохоор ямар ч баримт байхгүй. Ченжүүд хятад эрээс авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй юм. Санхүүгийн зохицуулах хороо ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулж чадахгүй байна. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй байна шүү дээ гэв.

ТөрийнэсрэггэмтхэргийгТЕГ-ынханяагаад илрүүлэхгүй байна вэ?

Ченж Г.Ууганжаргалтай адил мэдээллийг хэд хэдэн ченж бидэнд өгч байв. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулсан боловч “Ийм төрлийн гэмт хэрэг шалгагдсан зүйл одоогоор алга байна” гэсэн хариултөгч байна лээ. Харин Монгол банкнаас “Валютын үнэ нэмэгдэх бүрт манайхаас ажлын хэсэг гарч шалгалт хийдэг. Шалгалтаар ченжүүд үнийн хөөрөгдөл гаргаж байгаа гэсэн дүгнэлт гаргадаг. Бид хууль хяналтын байгууллага биш учраас ийм дүгнэлт гаргаад л өнгөрдөг” гэх утга бүхий зүйлсийг ярьж байв. Харин Тагнуулын ерөнхий газраас“Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг шалгахгүй биш шалгадаг юм байна лээ. Гэвч ченжүүд “Би ам.долларын үнэ ханш нэмэгдэнэ гэж хүмүүс яриад байхаар нь байгаа бүх мөнгөөрөө доллар худалдаад авчихсан. Өөрийнхөө мөнгөөр валют худалдаж авах нь гэмт хэрэг юм уу” гээд л гүрийчихдэг байна. Харин ам.долларын үнийг дураараа нэмдэг хятад эрийг огт шалгахгүй өнгөрүүлдэг гэдгийг эх сурвалжууд онцолж байв. Мөн Монголын эдийн засаг, валютын үнийг хөөрөгдлийг таван тэрбум төгрөг хүрэхгүй мөнгөөр л бужигнуулчихдаг гэх мэдээлэл ч байгаа юм.

Э.БААТАР