Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч бүр энэ жил 20 сая төгрөгийн урамшуулал авах шийдвэрийг Д.Баттулга дарга гаргасан. АН-ын олигархиуд наадмаар морь уралдуулж, дэлхийн хамгийн үнэтэй машинуудаар гаражаа дүүргэх болсон нь нэгэнт нууц биш болсон зүйл.

Энэ жагсаалтад хотын мэр Э.Бат-Үүлээс эхлээд Үйлвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга зэрэг олон хүнийг нэрлэж болно. Тэд энэ тансаглалдаа хэтэрхий ташуурсан гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз ээ. Учир юу гэвэл өнгөрсөн 2013 он Монгол Улсын хувьд эдийн засгийн уналтын жил байлаа. Валютын ханш огцом өсч, дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, инфляци бүр хоёр оронтой тоонд  хүрчихээд байгаа юм. Үүнийг үнэн бодитоор хэлж, ярьсан сөрөг хүчин буюу МАН-ынхныг“Эд нар атаарахсандаа ингэж хэлж байна. Эдийн засаг харин ч сайн байгаа” хэмээн гүрийсээр байгаа. Гэвч амьдрал дээр байдал эсрэгээрээ байгаа гэдгийг эрхэм төрийн түшээд мэддэг, үгүйг хэлэхэд бэрх юм. Магадгүй хэтэрхий их тансаглалдаа ташуурч ард түмний нуруун дээр ямар их ачаа үүрэгдэж байгааг анзаарахгүй байгаа биз ээ. 

     Үүний нэг жишээ гэвэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сар шинийн баярыг тохиолдуулан өөртөө 42 сая төгрөгөөр мөнгөн аяга урлуулж, энэ сарын сүүл гэхэд хийж дуусгахыг нэгэн уран дарханд "Үүрэг" болгожээ. Энэхүү аягыг цэвэр мөнгөөр бүрэх бөгөөд бүрэх аягыг Хятадаас захиалан авчруулсан байна. Эрхэм сайдын захиалсан мөнгөн аягыг харсан зарим хүн "Энэ чинь бараг мөнгөн түмпэн юм биш үү" хэмээн хошигносон сурагтай. Ийнхүү сайд, дарга нарын тансаглал ард олны нүдийг орой дээр нь гаргасан хэвээр байна. Эрхэм сайдыг боловсролын салбарыг хариуцах болсноос хойш дэвшилттэй зүйл ажиглагдаагүй. Сурагчдын дүрэмт хувцсыг шинэчилсэн боловч өнгө үзэмж, чанар муутай гэх хэл ам одоо ч тасраагүй. Төгсөх ангийн сурагчид дүрэмт хувцсаа ирэхийг хүлээсээр сургуулиа төгсөх нь тодорхой болсон. Нийслэлийн зарим сургуульд анги, танхим хүрэлцээгүйгээс бага ангийнхан өдрийн гурван ээлжээр хичээллэж байгаа. Зарим сургууль байргүйгээс өөр сургуулийн байр "Хөлсөлж" байгаа гэх мэт гажиг үзэгдэл салбарт нь бугшсаар атал Л.Гантөмөр сайд 42 сая төгрөгөөр ганц "Түмпэн" хийлгэх гээд захиалгаа өгчихсөн сууна. 

     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сайд болохдоо бардам амлалтаар ажлаа эхлүүлсэн. Түүний амлалтыг эргэн дурсвал, сургалтын төлбөр нэмэхгүй гэж амласан хэрнээ 24 цагийн дараа “Сургалтын төлбөрийг 10 хувиас илүү нэмэхгүй” гэж хэлсэн байдаг.  Мөн тэрбээр “Одоогийн барьж байгаа үнэлгээний систем шинэчлэгдэнэ. Нэгээс гурав дугаар ангийн хүүхдүүд дунд олимпиад явуулдаг байдлыг хална. Зургаа, долоо, найман настай хүүхдүүдийг математикаар уралдуулна” зэрэг зүйлийг ярьсан нь хүмүүст тийм ч таатай санагдаагүй. Түүнчлэн эрхэм сайд  өмнөх сайд Ё.Отгонбаярын “Кэмбриджийн хөтөлбөр”-ийн ажлыг зогсоолгүй үргэлжлүүлсэн төдийгүй “Ном”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” гэх сүртэй нэртэй хөтөлбөрүүд эхлүүлж хүч хаяж эхэлжээ. Гэвч шинэчлэл гэж буй дээрх хөтөлбөрүүд нь мэргэжилтнүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан байна. Тэдний бичсэнээр “Кэмбридж”, “Ном”, “Зөв монгол хүүхэд”, “Авьяас” гэх мэт хөтөлбөрүүд нь өнөөгийн боловсролын хямралыг шийдэх эргэлтийн чанартай шинэчлэлийн арга хэмжээ огт биш гэнэ. Энэ мэтчилэн шинэчлэл нэрээр салбартаа холион бантан хутгаж байгаа эрхэм сайдтан 42 сая төгрөгөөр мөнгөн аяга урлуулж байгаа нь ёсонд нийцэх үү. 
 




У.САРАНГЭРЭЛ