Олны анхаарлыг татсан нэгэн шүүх хурал Улсын Дээд шүүх дээр боллоо. Хурлын тов зарлагдсан цагаас хамаагүй өмнө Дээд шүүхийн үүдэн дээр цагдаагийн болон тусгайгийн хамгаалалт гарчихсан байсан ба хүмүүсийг маш сайн нягтлан шалгаж нэвтрүүлж байв.

Үүдэн дээр цугларсан олны дунд МАХН-ын дэмжигчид нэлээд олон байсан ч, чухам аль нь О.Баасанхүүг дэмжиж, хэн нь Н.Энхбаярын талд байгааг таахад бэрхтэй харагдсан. Юутай ч, “Шударга үнэн ялна” хэмээн хашгирч байн байн гараа өргөх ахмадууд, давхар давхар хамгаалалтад гарсан цагдаа нар л тэнд олонхи болж байлаа. Энэ бүхнээс болж, шүүх хуралдааныг сурвалжлахаар хүсэлтээ гаргасан хэвлэл мэдээллийн сэтгүүлчид ч орж чадахгүйд хүрч байсныг хэлэх хэрэгтэй. Ингэж бужигналдсаны эцэст, дотогш нэвтэрч улмаар шүүх хуралдаандаа орсон юм.

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх хурлыг Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэйгээр магадлан хэлэлцсэн. Хүсэлт гаргагч О.Баасанхүү нь “2017 оны  аравдугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус Бага чуулганаас  намын II Их чуулганыг хуралдуулах шийдвэрийг гаргасан, намын II Их чуулган 2017 оны арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд хуралдаж, намын дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргыг шинээр сонгосон тул бүртгүүлэх” хүсэлтийг гаргажээ. Шинээр сонгогдсон намын дарга гэдэг нь О.Баасанхүү өөрөө шүү дээ. Тэрбээр өөрийгөө МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан хэрэг.

 

Энэ удаагийн хуралд шүүхэд хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр бүсгүйн хамт ирж оролцсон бол, түүний хүсэлтийг хууль бус гэж үзээд шинэ МАХН-ын даргын өөрчлөлт, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй байхыг хүссэн жинхэнэ МАХН-ын талаас долоон хүн оролцсон юм. Тэд шүүх хуралд шинээр нэмэлт материалуудыг гаргаж өгсөн төдийгүй дэгийн дагуу шүүгчийн асуултад ээлжлэн хариулж байлаа. О.Баасанхүүгийн зүгээс 82 ширхэг анкет батлахыг нэмэлтээр өгмөөр байна гэдгээ хэлээд “Намын дотоод асуудлыг хууль шүүх нь шийдэг. Энд намын бүртгэлийг хууль бус эсэхийг тогтоож, өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Харин МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүүгийн хүсэлт гаргасан энэ үйл ажиллагаа нь өөрөө Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дотоод журмыг зөрчсөн үйлдэл. Их тэнгэрт хийсэн ээлжит бус чуулган гэдэгт бага чуулганы гишүүн 13 хүн л оролцсон. Бусад нь манай нам бус, эрээвэр хураавар хүмүүсийн цуглаан байсан. Тэндээс намын их хурлыг хуралдуулна гэж зарласан. Төрийн ордонд болсон тэр их хурал нь ч хууль бус. О.Баасанхүү өөрөө 631 төлөөлөгч оролцсон гэж байгаа боловч тэнд 221 хүн байсныг манай намын тэргүүн дэд дарга С.Ганбаатар биечлэн тоолсон байдаг. Намын их чуулганд оролцогчдын мандат дээр “Нийслэлийн түмт” гэсэн тамга дарсан байгаа. Харин тэр тамгыг нь эзэмшиж байсан Бямбасүрэн албан тушаалаасаа буусан ч, тамгаа өгөлгүй авч үлдээд ийм ажиллагаа явуулсан. Мөн их чуулганд оролцогчдод тус бүрт нь 100 мянган төгрөг тараасан байдаг. Баримт бий. Их чуулганыг 49 хоногоос өмнө зарлах ёстой. Гэтэл аравдугаар сарын 31-нд ээлжит бус чуулган гэх хүмүүсийн цуглаан хийгээд л арванхоёрдугаар сарын 9-10-нд их чуулган гэгчийг зохион байгуулсан нь хууль бус юм. Тиймээс хүсэлтийг хүчингүй болгож, бүртгэхээс татгалзана уу” гэсэн юм. Ингээд ээлжлэн танилцуулга хийсний дараа тайлбар хийх хүмүүс үгээ хэлсэн. Тэр үеэр МАХН-ын төлөөлөл Ц.Шаравдорж О.Баасанхүүд хандаж, “Өөрийнхөө амбицыг ингэж илэрхийлж болохгүй. Хувь хүн албан тушаалын төлөө ингэж улс төр хийхгүй ээ гэдгийг хэлье” гэсэн бол О.Баасанхүү “Би юу тайлбарлахаа ойлгохоо больчихлоо. Намын их чуулган хийгээгүй найман жил болсон нь үнэн үү үнэн. Үүний төлөө эд нар надад баярлалаа гэх ёстой. Төрийн ордонд хийлээ л гэх юм. Хаана хийсэн нь гол биш, юу хийсэн нь гол юм” гэснээ “Намынхаа нөхдийг шоронд хийгээд өгөөч гээд л яваад байх юм. Яасан бузартай юм бэ” хэмээсэн нь бууриа сахиж үлдсэн МАХН-ынхныг чамгүй бухимдуулаад авна лээ.

 

Ер нь шүүх хурлын танхимд ирсэн хоёр талын төлөөллөөс хоорондоо хамгийн их харшилтай нь О.Баасанхүү, Э,Эрдэнэжамъян хоёр байсан. Тэд байсхийгээд л үг шөргөөлцөөд авна. Цагдаа дуугүй байхыг сануулна. Ялангуяа шүүгчийн асуултад хариулахдаа “Түмтийн тамга манайд байгаа” гэж О.Баасанхүүг хэлмэгц Эрдэнэжамъян “Тамгаа авна шүү, авъя” гэсэн. Хариуд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би хулгайлсан юм уу. Чи явж шорондоо суугаач” гэх жишээтэй. Дэгийг сануулсан хурал даргалагчийн өөдөөс О.Баасанхүү “Энэ чинь намайг хулгайч гээд байгаа биз дээ” хэмээн хариулсан. Ийм өөг төөг хийсэн харьцаа нэг биш удаа гарсан юм. О.Баасанхүү “Бага чуулганы гишүүн биш хүмүүс энд байна. Энэ С.Ганбаатар, Эрдэнэжамъян эд нар биш” гэж хуруугаараа заасан бол түүний хариуд Э.Эрдэнэжамъян “Мэдрэл юм ярих юм. Галзуугийн эмнэлэгт очооч” гэж хэлнэ лээ.

 

Ийм байдлаар хурал үргэлжлээд хоёр цаг орчим болсны дараа завсарлаж, хэсэг хугацааны дараа шүүгчид тогтоолоо танилцуулсан.  Шүүх хурал даргалагч “Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Намын эрх бүхий байгууллага өөрөө шийдвэрлэдэг тул Улсын Дээд шүүх МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар О.Баасанхүүг бүртгэхээс  татгалзаж байна” гэсэн юм. Мөн МАХН-ын  дүрмийн 9.1-д зааснаар МАХН-ын удирдах дээд байгууллага нь Их чуулган, намын төлөөллийн төв байгууллага нь Бага чуулган байх ба дүрмийн 10.3-т зааснаар Намын Их чуулганы хуралдах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага чуулганаас тогтоодог байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хүлээн авч, хуралдаанаар хянан хэлэлцэх явцад намын гишүүд нь Бага чуулганы гишүүдийн тоо, гишүүдийн нэрс, түүнчлэн намын гишүүн мөн эсэх талаар хоорондоо маргаантай, намын II Их чуулганыг хүчинтэй гэж үзэх боломжгүй байдал тогтоогдсон гэдгийг ч мэдэгдсэн. Харин шүүх хурлын эцсийн дүнг танилцуулах үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирээгүй. Ийнхүү хоёр оны зааг дээр бараг л МАХН-ын дарга болох дөхөж, шидийг олоод нисэхийг шахсан О.Баасанхүү шүүхийн шийдвэрийг сонсоод “үхэх”-ийг шахсан байхыг үгүйсгэхгүй.

                                                                                    Н.Саранчимэг

24tsag.mn