Ногдол ашиг ба Санхүүгийн Хүрхэрээ

“Монгол улс Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацаа хамгийн багадаа 10 жилээр хойшилжээ” гэсэн нэртэй нийтлэл гарчээ.

Ногдол ашиг авах хугацаа хойшилсон нь муу мэдээ гэж. Санал нэг байна.

Ногдол ашиг авах хугацаа хойшилсон шалтгаан нь Дубайн гэрээ, буруутан нь Сайханбилэгийн Засгийн газар хэмээж. Санал нэгдэхгүй байна.

Яагаад гэдгийг ойлгуулахын тулд хэдэн санааг хэлсү.

Миний хэлэх гээд зүйл миний хувийн бодол биш, зүгээр л олон улсын практикийг хялбаршуулан ойлгуулах гэсэн тайлбар бөгөөд зөвхөн Оюу Толгой төсөлд хамаарах эд биш юм. Монгол улс цааш цаашдаа төмөр зам, цахилгаан станц, уул уурхайн болон аж үйлдврийн мегатөсөл хэрэгжүүлье, эдийн засгаа тэлье л гэж тэмүүлж байгаа бол  дараахь асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй юм.

 

Нэг. Мегатөсөлд Засгийн газар хувь эзэмших ёстой юу?

 

Аливаа мегатөсөлд Засгийн газар хувь эзэмших, эс эзэмших асуудал  бол ёстой тухайн орны сайн дурын хэрэг юм. Мэдээж 51-ээс дээш хувь эзэмшинэ гэвэл хөрөнгө оруулагч тал манай Засгийн газраас тэр хэмжээний зардлаа гарга, эрсдлээ хариуц гэж хэлэх нь ойлгомжтой. Мөнгөгүйн зовлонгоос гадна мэдэхгүй, чадахгүйн зовлон байдаг тул хяналтын багц бүхий хувь эзэмшинэ гэж ярих нь зүгээр л хөрөнгө оруулагчдыг үргээсэнтэй агаар нэгэн болно.

Уул уурхайн төслүүдэд Засгийн газрын эзэмшдэг хувь  төдийлөн их байдаггүй, ерөнхий хандлага нь буурсаар ирснийг дорхи баримтаас харж болох юм. Зэсийн хувьд Төрийн оролцоо дэлхийн дундаж нь 4,5 хувь, хэрвээ Хятадыг оролцуулахгүй бол 3,3 хувь байсан (2008) байна. Хямдхан олборлож болох ордуудаа ашигласан цаашдаа олборлох Металлын хүдрийн геологийн нөхцөл хүндэрч байгаа болон дагалдах дэд бүтцийн өртөг өсч байгаа нөхцөлд уул уурхайн төслийн эрсдлээс зайлсхийхийн тулд Засгийн газрууд тухайн төсөлд оролцох төрийн оролцоог  аль болох бага байлгахыг эрмэлзэж байгаа нь доорх баримтаас бас харагдана.

 

 

Дэлгэрэнгүйг дараахь холбоосоор үзнэ үү.  GlobalMiningIndustry-Overview

 

Аливаа төсөлд Засгийн газар хувь эзэмшинэ гэдэг нь тэр хэмжээгээр хариуцлага үүрнэ гэсэн үг юм. Их хувьтай бол их хариуцлага үүрнэ. Бага хувьтай бол бага л хариуцлага үүрнэ. Төрийн оролцоог их бага байлгах сонирхол хаанаас үүсдэгийг тайлбарласан Оксфордын профессор Пол Коллирын нэгэн үг санаанаас гардаггүй юм. Тэрбээр “өөрийгөө уул уурхайн баялгаар баян гээд бодчихсон  ямар ч хүнд аливаа төслөөс хүртэх ашиг үргэлж чамлалттай санагдах бөгөөд яаж ахиухан хүртэх үү гэж бодохдоо төрийн оролцоог нэмдэг. Тэр нь сүүлдээ дампуурал руу хөтөлдөг” гэсэн юм. Жишээ болгож олон орны төрийн өмчит компаниудыг нэрлэсний дотор манай Эрдэнэс… компани байж билээ.

 

Хоёр. Санхүүгийн Хүрхрээ

 

Уул уурхайн төсөлд Засгийн газар, хувийн хэвшлийн компаниуд янз бүрийн хувь хэмжээтэй байж болно. Тэр бол тэдний хоорондын тохиролцооны л асуудал юм. ОТ төслийн хувьд 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь Рио Тинто, Айванхоу болон өөр бусад компанийнх. Тэд бүгдээрээ ногдол ашиг хэзээ ирдэгийг сайн мэддэг.

 

 

Аливаа компани тэр нь ОТ байна уу, өөр бусад мегатөсөл байна уу гэдгээс үл хамааран юуны өмнө олсон орлогоосоо үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус  болон бусад) зардлын төлбөрийг хийнэ.

Дараа нь авсан зээлээ үйлчилнэ. Хугацаа болсон зээлээ төлнө.

Дараа нь тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө.

Хамгийн сүүлд ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ.

Үүнийг санхүүгийн хүрхэрээ гэх бөлгөө. Ихэд хялбаршуулав.

Ногдол ашиг хөрөнгө оруулагч талуудын тэргүүн зэргийн зорилт биш.

Гол нь компаний ашигт ажиллагаа онцгой чухал.

Хэрэв компани ашигтай байгаа бол санхүүгийн чадвартай байж, өр зээлээ дарна, өөрсдөө дараа нь ногдол ашиг хүртэх бололцоотой байх болно.

Ингэхдээ ногдол ашгийг хэн нэг нь түрүүлж хүртэхгүй. Цаг хугацааны хувьд ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна.

Ногдол ашиг  хэзээ хүртэх, ямар хэмжээтэй байх гэдэг тооцоо нь зах зээлийн тухайн үеийн үнэ ханшнаас шалтгаална. Зэс тонн нь 10 мянган ам. доллар байх үеийн ногдол ашгийн цаасан дээрх тооцоо ойрын ирээдүйтэй харагдсан байж таараа. Суперцикл төгсөж үнэ унах үеийн ногдол ашгийн тооцоо хугацааны хувьд алсарч гарах нь гарцаагүй.

Ногдол ашиг тэргүүн зэргийн нэн яаралтай зорилт биш ч гэлээ хүртээд эхэлбэл түүнээс илүү таашаалтай зүйл хаанаас олдох билээ. Түүнийг бодиттойгоор хурдан хүртье гэвэл компанийн үйл ажиллагаа ямар нэгэн сааталгүй,  ашигт ажиллагаа нь  өндөр байх явдал чухал юм.

Дундаа ОТ гэсэн нэг компани байгуулчихаад зүйрлээд хэлбэл дэлхийн санхүүгийн их далайд нэг завин дээр гарчихаад өмнөх Засгийн газрууд, хөрөнгө оруулагч нартайгаа харилцан бие биедээ гомдол ярьсаар олон жилийг алдсан байдаг. Тэр хугацаагаар ногдол ашигаа хүртэж эхлэх хугацаагаа хойшлуулсан хэрэг.

ОТ төсөл нь нэгэн зууны турш үргэлжлэх  ирээдүйтэй төсөл гэж харагдаж байгаа. Эхний шат ил уурхайгаас эхэлсэн бол хоёрдахь шат нь далд уурхай болж байна. Нэг шатаас дараачийн шат руу орохын ач холбогдол нь ашигт ажиллагааг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж байгаа юм.  Цаашдаа өөдрөгөөр харвал гурав, дөрөвдэх үе шат гэж байх бололтой юм. Яагаад гэвэл Оюу Толгой бол наад зах нь 5 биетээс бүрдсэн орд билээ.

Төсөл тойрсон бэрхшээл бий, үүнээс хэн ч зайлахгүй. Гэвч  цаг хугацаатай уралдаж хоёрдахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэх нь ОТ төслийг шинэ шатанд гаргах, компаний ашигт ажиллагааг өсгөхтэй холбоотой байсан. Талууд Хөрөнгө оруулалт татах талаасаа Дубайд ОТ-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын талаарх баримт бичгийг үзэглээ л биз.  Ингэлээ гээд ногдол ашиг алсраагүй. Сайханбилэгийн Засгийн газрыг буруутгах үндэслэлгүй.

ОТ төслийн гурав, дөрөв дэх үе шатны хөрөнгө оруулалтын баримт бичиг дээр Улаанбаатарт гарын үсэг зурж таараа гэсэн өөдрөг үзлээр энэхүү тэмдэглэлийг цэглэе.

 

Мэндсайханы Энхсайхан