Намын онол номлолыг нарийвчлан боловсруулах хэрэгтэй болжээ

МАН мөрийн хөтөлбөрөө өөрчлөн ардчилсан социалист үзэл санааг сонгон авснаа зарлан тунхагласан тэр цагаас хойш хорь гаруй жил өнгөрч байна. МАН ийнхүү ардчилсан социалист үзэлтэй зүүн төвийн байр суурьтай нам болсноор сонгогч түмэндээ илүү танил дүр төрхтэй болж, дэлхийн зүүний хүчний эгнээнд элсэн орж, хэд хэдэн удаа сонгуульд ялалт байгуулсан нь энэхүү шийдвэрийн зүйтэй байсны илэрхийлэл юм. Гэвч тэр цагаас хойш дэлхий ертөнц хийгээд манай орны аль аль нь их өөрчлөгджээ. Хөгжлийн тухай үзэл санаа, улстөрийн онол номлолд ч ихээхэн өөрчлөлтийг шаардсан хүчин зүйлс хүн төрөлхтний амьдралд буй боллоо. Хүний нийгэмд гарч байгаа өөрчлөлт нь хурдац, далайц, хамарч буй хүрээ, үр дүнгээрээ урьд өмнийн хувирал өөрчлөлттэй зүйрлэх аргагүй байна.Даяаршил, өрсөлдөөн, экологийн доройтол, терроризм, шинэ дайны аюул, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлөөр буй болж байгаа шинэ үзэгдлүүд нь улс орон хуучин байдлаараа амьдрах боломжгүй болгож байна.

Үүсэн буй болж буй шинэ нөхцөл байдалтай уялдуулан төр, улстөрийн нам, иргэний нийгэм, төр иргэний харилцаа, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахуун, үндэсний соёл, улс үндэсний хөгжил, аюулгүй байдал гэх мэт олон зүйлийн талаар тунгаан бодох, бодож олсон санаагаа хуваалцах, үндэсний зөвшилцөл, үнэлэмж буй болгох хэрэгтэй болж байна. Нэг үгээр хэлэхэд, тулга тойрсон хэрүүл хийгээд суудаг цаг аль хэдийн өнгөрчихжээ. Хөгжил судлаачид хямд төсөр ажиллах хүч, байгалийн баялаг хоёроор эдийн засгийн өсөлт гаргадаг байсан үе өнгөрч байгаа тухай ярьж, бичих боллоо. Хүний нийгэмд гарч буй өөрчлөлт, ялангуяа тулгамдсан асуудлуудад улстөрийн онол номлолын аль нь ч хариулт өгч чадахгүй байгаа тухай бас ярих боллоо. Үүнийг дагаад дэлхийн аль ч оронд улстөрийн уламжлалт намуудын байр суурь ганхаж байна. Сонгогчид асуудалд ухаанаараа гэхээсээ илүү сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах нь нийтлэг үзэгдэл боллоо. Ийм нөхцөлд өнгөрсөн үеийн улстөр, эдийн засаг, нийгмийн сэтгэлгээнээс үүдэлтэй хуучин загварт хэт шүтэн, зүүдлэх мэт өнгөрсөн үетэй зууралдах нь улсын хөгжил бүү хэл, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болно. Дэлхий дахинд болон манай оронд буй болсон шинэ нөхцөл байдалд тохирох, тулгамдсан асуудлуудад хариулт өгөх бэлэн онол номлол байхгүй. Байх ч аргагүй. Энэ нь манай нийгмийн одоогийн байдал, улс орны амьдралд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйлсийн талаар нухацтай бодож дүн шинжилгээ хийхийг шаардаж байгаа юм. Ийнхүү дүн шинжилгээ хийж үнэн бодитой дүгнэлт гаргаж, цаашдын зам харгуйгаа засах нь зөвхөн МАН-ын төдийгүй улс орны асуудал учраас салбар салбарын эрдэмтэн судпаачдын оролцоог хангах нь чухал юм. Үзэл онолгүй байна гэдэг бол их далайд луужингүй хөвөхтэй адил. Бид сүүлийн жилүүдэд ийм байдалтай явсаар ирлээ. Европын зүүний намууд ардчилсан социализм гэхээсээ илүү нийгмийн ардчиллын тухай ярьдаг болов. Либерал, либертари, коммунитари үзэлтнүүдийн зүгээс социал демократизм мөхөж байгаа талаар шуугих боллоо. Гэвч энэ бол амьдралаас тасархай, бодит байдлыг харгалзаагүй дүгнэлт юм. Учир нь, социал демократ бодлогын гол зүйл нь зах зээлийн буй болгодог тэгш бус байдлыг арилгах юмуу зөөллөхийн тулд орлогыг дахин хуваарилах, бүх хүнийг нийгмийн хамгаалалд хамруулах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах боломжтой байх төдийгүй, түүнийг бодитойгоор хүртдэг, хүмүүс ажилтай байх, эрх ашгийг хуулиар хамгаалах явдал юм бол энэ бүхнийг хэдэн үеэрээ хүртсэн дэлхийн олон орны хүн ам тэдгээрээс татгалзана гэж үзэхэд дэндүү хийсвэр юм. Энэ нь ямар нэг хийсвэр үзэл онолоос татгалзах тухай асуудал биш хөдөлмөрийн нөхцөл, орлого, өсөх хөгжих бололцооноосоо татгалзах тухай ярьж байгаа хэрэг шүү дээ. Ийм нөхцөлд нийгмийн ардчиллын үзэл санааны мөхлийн тухай биш харин түүнийг, түүнд тулгуурласан улс төрийн бодлогыг орчин үеийн нөхцөлд нийцүүлэн шинэ дүр  төрхтэй болгох тухай ярих хэрэгтэй юм. МАН-ын алдаа нь:

Нийгмийн ардчиллын үзэл санаагаа ямар онол номлолоос ургуулан авч, үндэсний хөрс шороон дээр суулгах талаар ямар ч ажил хийгээгүй. Учир нь, нийгмийн ардчиллын үнэлэмж нь зүүний намуудын хувьд адилхан боловч түүнийг үндэсний, шашны, социалист гэх мэтээр ямар үзлээс ургуулан авч байгаа нь нам бүрийн өөрийн нь асуудал байдаг.

-Нийгмийн ардчиллын тулгын гурван чулуу болох эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, эв санааны нэгдэл гэсэн үнэлэмжүүд намын бодлогод хэрхэн тусч, Монголын нийгмийн амьдралд юугаар илэрч байх ёстойг бодож боловсруулан бодлогодоо тусгаагүй.

-Монголд чухам ямар дүр төрхтэй нийгэм буй болгох гэж зорьж байгаа талаараа төсөөлөлгүй явж ирсэн. Учир нь, капитализм бол нэгэн хэвээр цутгасан зүйл биш. АНУ, ХБНГУ, Швед, Японы нийгмүүд бүгдээрээ ялгаатай. Зарим нь нийгмийн хамгаалал өндөр хөгжсөн, нийгэм нь хагарал, ялгарал багатай хүн ард нь жаргалын мэдрэмж ихтэй байхад зарим нь тийм биш гэх мэт.

-Иймээс Монгол төрийн бодлого аль ч намын засаглалын үед бараг л “бүлгийн сонирхол  популизм” гэсэн бүдүүвчээр явж ирэв.Одоо энэ бүхнийг ухамсарлан хийгээгүй зүйлээ яаралтай хийх, орчин үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэл онолоо тодотгох, сэлбэн засах, Монголын амьдралын бодит хөрсөн дээр тарьж ургуулах хэрэгтэй байна. Европ дахинд нийгмийн ардчиллын, ер нь социалист үзлийн өөрчлөлт нь дандаа либерализмтай эрлийзжих замаар явагдаж ирсэн. Гэвч ийм аргыг хэрэглэх нь хязгаартай бөгөөд тэр хязгаарт нэгэнт тулж ирснийг сүүлийн үеийн сонгуулиуд харуулж байна. Намын үзэл онол, үйл ажиллагаанд баримтлах бодлогын талаар бодох, эрэл хайгуул хийхийг сонирхогчдод зориулж нийгмийн ардчиллын суурь үнэлэмжүүдийн гол агуулгыг товч дурдъя. Нийгмийн ардчиллын болон улс төрийн бусад голлох үзэл санааг баримтлагчид эрх чөлөөний талаар үндсэндээ ижлэвтэр байр суурьтай байдаг. Гэвч эрх чөлөөг хангах асуудлаар санал зөрөлддөг. Хүний эрхийг сөрөг ба эерэг гэж хоёр ангилдаг. Сөрөг эрх чөлөө бол хүний төрөлх эрхийг багтаадаг бөгөөд түүнийг төр хүнээс салгаж, булааж авч болдоггүй. Тийм учраас “сөрөг” гэж нэрлэж байх шиг байдаг. Үүнийг монгол хэлээр салшгүй эрх гэдэг. Харин эерэг эрх гэдэг нь хүн хөгжих, авьяас чадвараа нээх бодит эрхээр хангагдсан байх явдал юм. Улс төрийн зарим үзэл санаанд хүний салшгүй эрхийг тунхаглаад хөгжих эрхийг орхигдуулдаг.Нийгмийн ардчилал нь хүн хөгжих эрхийг бодитойгоор эдлэхгүй л бол салшгүй эрх ч бас хангагдахгүй учраас салшгүй эрх, хөгжих эрх хоёр өөр хоорондоо нягт уялдаатай гэж үзэж бодлого, үйл ажиллагаандаа тусгахыг хичээдэг. Хөгжих эрхийг бодитойгоор хангах нь хүнд ажил, орлоготой байх, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах, боловсрол, мэргэжилтэй болох боломж нийгмийн бүх давхаргад нээлттэй, бодитой байхаар бодлого, үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм.

Нийгмийн ардчиллын бас нэг үнэлэмж бол шударга ёс тэгш байдал юм. Дээр үед тэгш байдлын тухай ярьдаг байсан бол сүүлийн үед шударга ёсны тухай ярьдаг болсон байна. Тэгш байдал гэдэг бол харьцангуй байхаас өөр аргагүй тул шударга ёс гэдэг нь тухайн нөхцөл байдлаа харгалзсан илүү өргөн ойлголт юм. Шударга ёс нь биет болон оюуны баялгийг хуваарилдаг, хуваарилах арга болон хувь хүн бүлэгт очиж буй баялгийн хэмжээ нь нийгэмд хүлээн зөвшөөрсөн шалгуурыг хангаж байх ёстой гэж үздэг. Шударга ёс нь нэгд, эдийн болон социал баялгийг шударга хуваарилах, хоёрт, хувь хүн, нийгмийн бүлгүүд албан тушаал ахих болон ер нь нийгмийн байр сууриа ахиулах талаар шударга гэж үзэгдэх боломжтой байх гэсэн хоёр янз байж болнс Шударга байдлын энэ хоёр төрлийг аль нэгийг нь юмуу эсвэг хоёуланг нь хүлээн зөвшөөрөх ёстой юу гэдэг талаар улс төрийн хүчнүүдийн байр суурь өөр, үзэл онолын маргаан байдаг. Зөвхөн боломжийг хүлээн зөвшөөрөх нь заримдаа зарим хүн, бүлгийн хувьд хий хоосон тунхаглал болон үлдэж болно. Тиймээс нийгмийн шударга байдлыг хангах гэвэл хоёуланг нь хүлээн зөвшөөрч, бодлогодоо тусгаж алхам алхмаар ч болтугай бодитойгоор хэрэгжүүлж байх нь зохистой юм. Нийгмийн ардчилал нь орлого, өмч, эрх мэдлийг аль болохоор тухайн нөхцөлд шударга гэж үзэгдэхээр харьцангуй тэгш хуваарилахад анхаардаг. Эв санааны нэгдэл. Үүнийг манайхан эв нэгдэл гэж ойлгодог нь уг ойлголтыг явцууруулж байгаа хэрэг юм. Энэ бол нийгмийн гишүүдийн нийтлэг сонирхлоос урган гардаг хамтын хариуцлагын мэдрэмж, нийгмийн ашиг тусын төлөө зан үйл, зарим үед хувийн явцуу сонирхлыг ч үл харгалзсан зан үйл зэргээр илэрхийлэгдэнэ. Энгийнээр хэлэх юм бол нийгмийн гишүүдийн хүчтэй нь хүч муутайдаа зохих хэмжээгээр тусалдаг байна гэсэн үг юм. Бодит амьдралд татвар, нийгмийн даатгалын бодлого, хоршоололын хөдөлгөөн гэх мэт олон зүйлээр хэрэгждэг. Эв санааны нэгдэл нь нийгэмд хагарал гарах, хэт ялгаа үүсэх, нийгмийн эмзэг бүлгийн болон бусад зарим бүлэг ялгаварлагдах зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлэх нөлөөтэй байдгийг туршлага харуулсан юм. Нам онол, үзэл баримтлал,бодлогоо тодорхойлохдоо Германы ч юмуу, эсвэл Шведийн туршлагыг хуулбарлаж болохгүй нь мэдээж.Бусдын туршлага, сургамжаас суралцаж болох боловч манай хөгжлийн төвшин, соёл уламжлал,бодит байдал маань өөр учраас өөр шийдэл гаргаж хэрэглэх зүйл олон бий. Түүнчлэн дэлхий дахины байдал, даяаршил гэх мэтийг харгалзан консерватив /үндэсний/ үзэл, коммунитаризм гэх мэтээс санаа авах зүйл ч байж болохыг үгүйсгэхгүй юм. Ялангуяа үе суурь үнэлэмжийн хувьд үндэсний ;үнэлэмжүүдийн ач холбогдлыг өргөх, тэдгээрийг хэрхэн бодитой болгох тухай асуудал чухал болж ул байна.Онол бодлогоо эргэн үзэхдээ Монгол төрийн нэрт зүтгэлтнүүдийн тодорхойлсон “Улсын хүчин чийрэг бат, эдийн засаг элбэг дэлбэг, хүн бүрт хүрэлцэж, гэр бүр баян талбиу, дотоодод ариун тодорхой, гадаадад найртай төвшин болох явдлыг өдөр бүр эрмэлзэн цаг бүр чармайн шийтгэвээс зохимуй” хэмээх зарчмыг чиг болгох хэрэгтэй санагдана. Онол номлол маань манай орны хөгжлийн чухал асуудлуудад хариулт өгөх чадвартай, тэдгээрээс зугтаагүй байх ёстой. Эдгээр хариулт нь ертөнцийн ганц үнэн биш байх нь тодорхой, гэхдээ МАН- ын зүгээс өгч байгаа байж болох, үнэмшилтэй хувилбар байвал зохино. Тулгамдсан асуудал их байгааг бүгд мэднэ. Улс төрийн утга учиргүй талцал, шүүх хуулийн байгууллагад иргэд үл итгэсэн,төрийн байгууллагуудын тогтворгүй , байдал, хэт томролт, бодлогын ( хомсдол... Энэ бүхний талаар  яриад л, сонгуулийн үеэр нэгнээ , шүүмжлэх эсвэл арилгана гэж амлаж оноо авах сэдэв болгоод л он жилүүдийг улируулаад байх уу, эсвэл барьж аваад шийдвэрлэх үү  гэдэг дээр буурьтай хандах хэрэгтэй  байна. Эдгээр нь байгалийн гамшиг биш, бид л өөрсдөө буй болгосон, тэрэндээ орооцолдчихоод байгаа зүйл шүү дээ. Энэ бүгдээс цааш гарч томоохон г асуудал хөндье гэвэл улс орны маань аюулгүй байдал ямар байгаа юм бэ. Төрийн эрх ард түмний гарт байна уу. Нийгмийн тогтворгүй байдал болон бусад олон сөрөг үзэгдэлд нөлөөлж магадгүй байгаа зүйл бол хүн амын орлогын ялгаа болж байна. Орлогын тэгш бус байдлыг татвар гэх мэт санхүүгийн арга хэрэгслээр багасгаж, түүний  зэрэгцээ эдийн засгийн өсөлт гаргаж чадах уу, эсвэл эх орны нөөц бололцоог ашиглан өөр бусад арга хэмжээг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх ёстой юу гэдэг талаар шийдэл олох нь зүйтэй юм.Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний өсөлт, дэлгэрэлт, түүнээс үүдэж, хүмүүсийн харилцаа, хүний ёс суртахуунд гарч буй өөрчлөлтийг юу гэж үзэх юм бэ. Хиймэл оюун, ЗД хэвлэгч болон бусад шинэ технологийг бид хэрэглэх, үйлдвэрлэх юмуу, манай нийгэмд ямар эерэг болон сөрөг талтай вэ.Нүүдлийн мал аж ахуйгаа яах юм бэ. Харсаар байтал соёл иргэншлийн хямрал болж байгаад нөлөөлж болох уу. Монгол хүний соёл, зан ааш хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Амьдралын арга маяг, дадал хэвшил нь өнөөгийн шаардлагад хэр нийцэж байна вэ. Хуучирч хоцрогдсон зүйл байна уу. Монгол хүний авъяас чадварыг багаас нь эхлээд хөгжлийн хүчин болтол нь тууштай, тасралтгүй өсгөдөг тогтолцоог хэрхэн буй болгох вэ.

Хүн төрөлхтөний ойрын ирээдүйд хүчтэй нөлөө үзүүлнэ гээд байгаа 12 технологиос бид алийг нь барьж авах вэ. Эрдэс баялагаас өөр хөгжлийн ямар хүчин зүйл байна вэ. Далд эдийн засаг, тооцоонд ордоггүй орлого, бүртгэгдээгүй хөрөнгө, гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг хэрхэн улс орондоо ашигтай болгох вэ?

Энэ бүхэн бол намын онол номлол, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх, ард түмэндээ санал болгох хөгжлийн төлөвлөгөө боловсруулах явцад хөндөх учиртай асуудлуудын зөвхөн хэсэг нь л юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж тодорхой төвшинд хөгжүүлсэн түүхтэй ууган намын хувьд МАН эдгээр асуудлыг барьж авч шийдэх үүрэгтэй. Энэ бол ард түмний хүлээлт. МАН ийнхүү нийгэм, дэлхий дахины асуудлыг цэгнэн үзэхийн зэрэгцээ өөртөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Шинжлэх, дүгнэлт хийх, шинэ зүйл боловсруулах нь нүсэр ажил юм. Үүнийг ажлын хэсэг байгуулаад, хүмүүсийн тухайн үед бодож байгаа юмыг нэгтгээд “субботник”-оор хийх боломжгүй юм. Дорвитойхон юм хийж,түүнийгээ амьдралд хэрэгжүүлэн улс орноо хөгжүүлье гэвэл хөрөнгө, хүч, хугацаа зарж хийх хэрэгтэй.

 

 

Техникийн ухааны магистр, түүхийн ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн А.Цанжид