Монголын гоо сайхны ертөнцөд энэ долоо хоногт “Бэлла арт” академийн захирал, стилист Бэлла “Fashion & Artist” үзэсгэлэнгээрээ шуугиан дэгдээв. Тус үзэсгэлэн “Mongolian properties” оффисын “Улаан гэр” галлерейд олны хүртээл болсон юм. “Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй” гэдэг үгийг амьдралд хэрэгжүүлэгч энэ уран бүтээлчийн нүд, сэтгэл, гарын ур гайхалтай зохицсон анхны үзэсгэлэнд стилист Банни, фото зурагчин March 9 нар хамтарчээ. Бүсгүй хүний дотоод гадаад сэтгэлийн хүчирхэг гоо сайхан, далдын мэдрэмжийг цогцлоосон фото урлангийн гол дүрүүдийг  туршлагатай топ модель Г.Уранцэцэг, О.Ариунзулаас эхлээд олон танил төрхүүд бүтээжээ.

       Дизайнер мэргэжилтэй, Францын гоо сайхны алдарт “Forever” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэйгээр мэйк ап артистын сургалтаар өөрийн ур чадварыг илэрхийлж яваа түүний энэхүү үзэсгэлэн нүд баясгаж, сэтгэл хөглөм агаад олон жилийн мөрөөдөл, төгс төгөлдөрт тэмүүлсэн чин хүслийг бэлхнээ илтгэх аж.

       Дэлхийн түвшинтэй хөл нийлүүлж, цаг хугацаатай уралдаж сэтгэх, шинийг санаачлахыг урьтал болгодог уран бүтээлчийн түрэмгийлэл эзэрхийлэл бүтээлд нь гүн шингэжээ. Нүүр будагийн урлагийг загвартай хоршуулсон түүний “Fashion& Artist” үзэсгэлэн Монголдоо анхдагч гэдгээрээ бас онцлог.

      Үзэсгэлэнгийн нээлтэнд артист Бэлла “Стилист Банни бид хоёрын хүсэн хүлээсэн, олон хоногийн нойроо хугаслан, сэтгэлээ шингээж хийж бүтээсэн үзэсгэлэн маань өнөөдөр та бүхний хүртээл болж байгаад туйлын баяртай байна. Бидний гол зорилго бол та бүхнийг цоо шинэ мэдрэмжээр аялуулахыг зорьсон. Дундаршгүй авьяастай стилист Банни маань миний цаашдын хийх ёстой ажлыг тодоос тодорхой болгон ирлэн хурцалж өгсөнд баярлалаа. Мөн бүх зураг авалтыг яг хүссэнээр минь авч өгсөн фото зургийн “March 9 media”-гийн чадварлаг залуустаа ахин дахин баярласнаа илэрхийлье. Та бүхэн миний хувьд хамгийн шилдэг нь шүү. Монголын чадварлаг  топ модель Урнаа, Ариунзул, Алунгоо, Халиунаа нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Зурагнууд дээр маань зохиол бичиж өгсөн уран авьяастай зохиолч Ц.Гэгээнхүсэл, дуу оруулагч Б.Мөнгөнцэцэг, хөтлөгч Адилаа, хэвлэлт хариуцсан Хадаа болон хайрт найз нар, шавь нартаа,бусад тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Цаашдаа олон шинэ уран бүтээл хийх урам зориг, эрч хүчийг мэдэрсэн болохоор илүү эрчтэй хурдтай бүтээж туурвих болно гэдгээ хэлэхэд таатай байна” хэмээн ярилаа.

      Тэрбээр одоогоос жилийн өмнө “Хүмүүст хэрэгтэй зүйл хийе гэж өөрийгөө ард түмний хүн болсон юм шиг боддог. Төлөвлөж байгаа гайхалтай олон санаа бий. Надад асар их нөөц байгаа. Түүнийгээ төгс ашиглахын тулд цаг хугацаанд их харам ханддаг. Би өчигдөр гэхэд л цоо шинэ эскиз гаргасан. Номын дэлгүүр орж хэрэгтэй номууд авсан. Ирээдүйн цаашдын зорилт бол урт хугацааны уран бүтээлд хүч сорих. Нүүр будалт бол цагийн ажил. Үүнээс илүү хөрвөх чадвартай урлагийн төрөлд эрэл хайгуул хийнэ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцолж байв. Монголын нүүр будгийн урлагийг цоо шинэ шатанд гаргаж, дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрүүлсэн артист Бэллагийн академийн шавь нарын тоо өдгөө мянга шахамд хүрч буй. Өөрийн нэрийн гоо сайхны брэндээ гаргасан түүний школоос олон шинэ содон тэсрэлт гарна гэдэгт огтхон ч эргэлзээ алга.