Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин, 45 жил мал малласан, 63 настай Н.Жамбалганий Улсын аварга малчины болзол хангаад Засгийн газрын хуралдаан хүрэх замдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр Архангай аймгийн зүүн сумуудаас УИХ-д авирсан Жамьянгийн Мөнхбатын урт гарын тусламжтайгаар түлхэгдэн хасагджээ.

Учрыг тунгаавал Архангай аймгийн Эрдэнэмандал сумын засаг захиргааны хурлаар Н.Жамбалганийгийн нэрийг анх нэр дэвшүүлэн, аваргын болзол хангасан гэж үзэн баталж, материалыг нь аймаг руу явуулсан байдаг. Зүй нь нэг сумаас нэг л малчин шалгарах журам бий.

Гэтэл энэ журам зөрчигдөн, дахин араас нь Эрдэнэмандал сумын Өлзийт багийн малчин Бүрэнгийн Баттулгын материалыг өөрөөс нь шахан шаардаж, булаах шахам авч, яаран сандран явуулах шийдвэрийг давхардаад гаргажээ. Ингээд зогссонгүй, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын заавраар Идэр-Улаан багийн малчин Сономжамцын Зоригтбаатарын материалыг хагас дутуу хамсан болоод сум болон аймгийн хурлаар ч хэлэлцүүлэлгүй санд мэнд шууд хот руу гишүүний бие төлөөлөгч П.Нямцэрэн гэгч нь том толгой гарган, өвөртлөөд явжээ. Ингээд гэмгүй байсан гурван эгэл борхон малчинг хооронд алалцуулах хорыг эрхэм гишүүн Ж.Мөнхбат сайтар найруулав.

Сумдаар голцуухан халамцуухан, давилуухан явах болсон Ж. Мөнхбатыг Эрдэнэмандал сумынхан 2016 онд тэр дундаа Хануйн голынхон, нутгийн ах дүүс дуу нэгтэй өргөн, дугтарвал хүч нэгтэй, дуулиантайхан дэмжин гаргасаны хариуд ийм жудаггүй бэлэг барьж.

Түүнийг нутгийнхан бурхан шиг санаж итгэж байв. Гэвч тэр буг байсныг дараах түүх тодолно. Малчин Н.Жамбалганий Засгийн газрын хурлаар орох замд нь эрхэм гишүүн тээг тавьсан боловч, орой нь ТВ5 телевизээр орон даяар Улсын сайн малчинаар Н.Жамбалганий тодорсон шийдвэрийг уншсан байна. Мэдээж хөдөө гадаагүй хөл хөөрцөг болжээ. Харин Ж.Мөнхбат Засгийн газрын сайдуудыг шантаажлан, наад малчин манай намынх биш, дэмжиж болохгүй гэж дарамталсан тул алдараа орон даяар дуудуулсан малчныг бас дахин хуурч дөнгөжээ.

Сар шинийн өмнөхөн сэтгэлд сэв, сэрхэнд нь хутга шаасан Ж.Мөнхбатын энэхүү үйлдэлд дургүйцсэн нутгийнхан, малчдын холбоо хэвлэлийн хурал зарлаж, эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ. Гэнэт баяжиж гэдэс цадаж, түрүүвчээ түнтийлгээд түмэн олноо умартаж, зан нь хувирсан  эрхэм гишүүний хувьд уур ундуу нь үл дийлдэх, өш зангидсан улаан хошуу нь үргэлж нойтон явах болж, улмаар энх амгалан аж төрдөг малчдыг талцуулж, сэтгэлийг сэвтээсэн нь энэ.

Ж.Мөнхбатад аварга малчин болгосон айлаас нь шинэхэн хурган дээл нь ирж байгаа сурагтай. Суурийг нь судлаад сугийг нь сөхвөл аварга малчин болох гэдэг авилгалын далай бөгөөд ам тосдох хэдэн малаа авилгач дарга нарын гарт нь, ганзганад нь хийж явуулдаг гар хоосон буцаадаггүй ''ёс'' тогтож, дор хаяхад 10 хонины мах, тэдэнд гардуулах 10 мөнгөн аяга, ааруул, аарц, тос, сүү тэргүүтэн, сум багийн дарга нарт тус бүр ноолууран цамц сэлт гээд аварга малчин болсон айл тэр жилдээ бэлжиж тэнхэрхээргүй авилгалын өглөгт амаа арчуулдаг ажээ.

Агт морьд, амбан шар, алт мөнгөө барих хахуулийн сүлжээг ханцуйн дотроо хийдэг байна. Орон нутагт ийнхүү увайгүй улс төрчдийн гайгаар урвайж явах хөдөөгийнхэн хөр цасанд нэг зутрах, хөлдүү улс төрчийн хөлд нэг үрэгдэх зовлонд давхар нэрвэгдэж байна. Нам дотроо талцаж задална, найр тарааж намчирхаж заналхийлна, УИХ-ын танхимд улсаас идсэн уусан булайгаа дэлгэж хэн бэ гэдгээ хэдийнээ харуулсан Ж.Мөнхбат мэтийн мөлхөө банди нар нутагт дахин бүү үзэгдэг гэж зальбирцгааж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга, шинэхэн баян цээж өвчит Б.Өсөхбаяр нараас ч аварга малчны  тодорхойлолтыг дэмжүүлэх бичиг авах гэж бишгүй хөөцөлдөж тусыг эс олсон. Ардын намынх биш бол адуучин, малчин ч бай тэдэнд хамаагүй гэнэ. Аяганы алагаас адууны алаг дээр гэдэг. Нэг ч гэсэн сайн малчин нутгаас төрөхөд нурмайгаад зугтдаг ноёд  Архангайд арсайж байна. Ардаа алагчилдаг, ар өврөөс гарсан хүүхэд мэт үздэг, хувьсгалч улаан Доржуудын хуй салхитай нугалаа завхрал малчин ардуудыг махалж байна.

Н.Дуламсүрэн