Өнөө цагт цагаан сарыг яаж тэмдэглэвэл зохих талаар угсаатан судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүүтэй ярилцлаа.


-Цагаан сар өнөөгийн төв сууринд амьдарч буй хүмүүст бэрхшээлтэй болсон мэт байна. Заавал том ууц тавьж, өндөр идээ засдаг, хүн бүрт бэлэг өгөх ёстой юм уу?

-Өнөө үед төв суурин газарт амьдарч байгаа хүмүүсийн хувьд жаахан бэрхшээлтэй болсон. Нүүдэлчдийн баяр учраас төв суурин газарт үл зохилдох зүйлүүд гараад байдаг. Цагаан сарын бэлтгэл нь дан мал, аж ахуйгаасаа хангагддаг. Тухайлбал, цагаан идээгээ намар бэлдчихнэ, идээ ундаа нь дан цагаан идээ байсан. Харин битүүний өдөр мах идэх ёстой, битүүлэгний махаа өвлийн идэшнээсээ төхөөрчихнө. Өөрөөр хэлбэл, малчид сар шинийн баярын бэлтгэлээ өөрсдийнхөө аж ахуйгаас хангачихдаг. Гэтэл төв суурин газрын хүмүүс бүх зүйлээ худалдаж авах шаардлага гардаг учраас олон бэрхшээл тулгарах болсон. Мөн ууц тавих, айл бүр заавал олон үе идээ засах, ирсэн хүн болгонд бэлэг өгөх ёстой юм шиг ойлголттой байх болжээ. Энэ ойлголтоосоо болоод залууст санхүүгийн бэрхшээл тулгарчихаад, тун хүнд байдал ажиглагдаж байна. Уламжлалт ёсоор 40 хүрээгүй гэр бүл гурван үе идээ засдаг ёстой. Мөн бурхны шашин дэлгэрсэн цагаас эхлэн боовоор идээ засдаг болсон гэдэг. Тавгийн идээ засдаг боов нь анхнаасаа л дан ул боов байгаагүй, хавсаа, мушгиа зэрэг өөр өөрийнхөө хийдэг боовоор авсаархан идээ засчихдаг байсан уламжлалтай. Тэгэхээр сар шинийн баярт тийм нүсэр зардал гарахгүй. Монголчууд хуримын ёслолд л бүхэл ууц хэрэглэж, цагаан сараар бол төлөөлүүлж ууц тавьдаг байсан. Төлөөлүүлж гэдгийг жишээгээр тайлбарлавал, говь нутагт бол гартаа бариад идэх боломжтой, жижигхэн ууц байсан. Дал дөрвөн өндөр гэх мэт авсаархан махаа тавьчихдаг юм.

-Эрт үед бэлэг өгдөггүй, мөнгөтэй ч золгодоггүй ёстой байсан юм биш үү?

-Эрт үед онцгой хүндэтгэсэн хүндээ юм барьж золгодог байсан, эд зүйл нь юу ч байж болно. Гэхдээ энэ нь өгнө гэсэн үг биш, зүгээр л гар хоосон биш шүү гэсэн илэрхийлэл. Харин онцгой хүндэтгэсэн хүндээ бол өгч золгодог байсан. Мөн цагаан сар эв нэгдлийн баяр учраас эвлэрэхийн бэлгэдэл болгож, бид өмнө нь бие, биедээ мэс гаргаж байсан ч түүнийгээ цайруулъя гэдгээ илэрхийлж, цагаан даавуу барьж золгодог байсан. Гэхдээ цагаан даавуугаа өгөхгүй, өмнөх маргаанаа цайруулж буйгаа илэрхийлж цагаан даавуу барьж золгож буй юм. Зарим нутагт саяхныг хүртэл уламжлагдан ирсэн бас нэг соёл нь, эрчүүд сур барьж золгодог. Гар хоосон биш гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Тухайлбал, эрчүүд морь унахдаа хормойгоо даруулдаг байсан суран бүсэн хормойн боолт гэх сураа барьж золгож байгаа юм. Бурхан шашинтны лам, хувраг настай хүнд хадаг өгч золгодог байсан нь аажмаар мөнгө өгдөг ёс болоод хувирчихсан. Сар шинээр хүүхэд, өтгөсийг онцгой хүндэтгэдэг учир настай хүнд мөнгө барих нь буруу гэж шүүмжилж бас болохгүй зүйл. Баяр ёслол угаасаа цаг үеэ дагаад хувирч өөрчлөгдөж байдаг. Дээр үед бэлэг гэдгийг хувь гэж нэрлэдэг байсан. XIII зуунаас өмнө цагаан сарыг хувь сар гэж нэрлэдэг байлаа. Энэ нь анчин гөрөөчин байсан үеэс эхлэлтэй. Ан гөрөө хийж, ангийн махны хувийг хүмүүст тараадаг. Хэдэн тарвага агнаад ирлээ гэхэд зөвхөн гэртээ хэрэглэхгүй, хавь ойр ах дүүгийн бүх айлд хувь хүртээнэ. Ангийн баярын үеэс улбаатай махан хувь өгдөг уламжлал цагаан сар дамжин уламжлагдаад ирсэн. Ялгангуяа цагаан сараар өндөр настай хүмүүс, хүүхдүүдийг баярлуулдаг ёстой. Настай хүн, хүүхэд хоёр ялгаагүй л хүнээс юм горьддог. Дунд үе бол өөрөө өөрсдийгөө аваад явах чадвартай учраас барагтай бусдаас бэлэг горьдохгүй. Зарим айлуудыг ажиглаж байхад хүн болгонд бэлэг гэхээсээ илүү, айл өрхөд нь хувь өгдөг ёс хэвээр байна.

-Сар шинийн баяр ёслолын ач холбогдол нь юу вэ?

-Асар олон утга учиртай. Нас нэмсний, өвлийг өнтэй давсны, тухайн ураг төрлийнхний баяр, заавал өөрийн ах дүү нарынхаараа ордог. Хэн нь ам бүл нэмж, хэн нь боломжтой амьдарч байна. Хэн нь ядарсан зүдэрсэн байна гэдэг мэндээ мэдэлцэж, нэг нэгэндээ тусалдаг, дэмнэдэг эв нэгдлийн бэлэг тэмдэг бол цагаан сар юм. Мөн сар шинээ тэмдэглэж, олонтой яваагаараа бахархдаг утга учиртай. Өнөөдөр бид нэг л их идээ засч, том ууц тавиад, гоёж гангараад л сар шинийг хэлбэр төдий л тэмдэглээд байна. Ингэхийн оронд сар шинийн агуулга, ач холбогдол нь юу юм бэ гэдгийг хүүхдүүддээ сургах хэрэгтэй. Хуучин алаг мэлхий өрөх, шагай наадах гээд л олон тоглоомыг сар шинээр тоглодог байсан. Уламжлалт тоглоом гэдэг чинь наргиж цэнгэхийн нэр биш. Хүүхдийг хүмүүжүүлэх зааж сургах арга байсан юм.

-Хотын нөхцөлд сар шинийн баярыг яаж тэмдэглэвэл сайн бэ?

-Өрх тусгаарласан айл л цагаан сар хийдэг ёстой. Залуу хөгшиндөө гол биш. Харин залуус нь гурван үе идээ засдаг, дал дөрвөн өндөр тавьчихдаг авсаархан идээ будаатай байх л уламжлалтай. Битүүний өдөр бол махны баяр, цагаан сарын шинийн нэгэн болохоор цагаан идээний баяр. Монголчуудын үндсэн хоол хүнс бол мах, цагаан идээ л байсан. Гурил гэдэг зүйл хожуу орж ирсэн. Хүнсний ногоо бол бүр хожуу үеийнх.

-Шинийн нэгний өглөө нар харна гэж хошуурдаг. Энэ ямар утга учиртай юм бэ?

-Нүүдэлчин, малчин айлууд нар мандахаас өмнө босдог. Би хөдөөний хүүхэд, өглөө эрт босоод адуугаа хураагаад, унагаа барьчихаад байж байтал нар манддаг байсан. Тэгэхээр мандах нар харна гэдэг бол өнөөгийн хотод байгаа бидний л ойлголт. Монголчууд маш эртнээс нар, сарыг шүтэж ирсэн. Монголчууд шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд индэр, эсвэл эзэн сүлдний овоондоо гарч нар гарахаар, цай сүү, идээ ундааны дээжээ өргөдөг байсан. Баруун монголд бол их гал түлж байж идээ ундааны дээжээ өргөдөг ёстой байлаа. Өдөр болгон нарнаас өмнө босдоггүй хотын хүмүүс шинийн 1-ний өглөө эрт босоод нар харахад буруудах зүйл үгүй. Харин нэг дор нэг овоон дээр шаваад, бие биенээ идээ будаагаараа дарчих гээд байгаа нь одоогийн суурьшмал соёлд тун зохимжгүй байгаа

-Хүн бүр мөр гаргах ёстой юу?

-Мөр гаргах ёсыг зөвхөн айлын эр хүн гүйцэтгэдэг ёстой. Нэг айл бол нэг жим мөртэй байна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Таван хүн таван тийшээ зүг гаргачихвал тэр айл чинь тарж бутрахын цондон болно гэсэн үг. Эрт үед айлын эр нөхөр буугаа үүрээд, морьтойгоо давхиж, буу дуугаргадаг, эсвэл хийморийн дарцгаа барьж мөрөө гаргадаг байсан. Одоогийнх шиг хальт гарч байшингийн булан тойрчихоод байгаа нь зүг гаргах ёс биш. Хиймороо сэргээж мөр гаргана гэдэг нь хотын нөхцөлд нэг л тохирохгүй байгаа юм.

-Шинэ хувцас өмсөх ёстой гэх ойлголт бас бий?

-Европын жуулчдын тэмдэглэлд байгаа. Ялангуяа цагаан өнгө бол эхлэлийн, ариун цагааны өнгө. Гүег хаан хаанд өргөмжлөгдөхдөө өмссөн хувцас нь бүгд цагаан байсан. Монголын эзэнт гүрний талаарх гайхалтай мэдээнүүд бий. Харц ноёд ялгаагүй бүгд цагаан дээл өмсдөг байсан. Одоо бид бүгд сар шинээр цагаан дээл өмсөх нь боломжгүй. Гэхдээ үндэсний хувцсаа өмсч байвал зүгээр. Түүнээс биш, костюм өмсчихөөд, золголт хийж явбал зохимжгүй. Сар шинийн нэгэн гэдэг чинь шинэ зүйлийн бэлгэдэл, хүн өөртөө түүнээс асар их дэм авч байдаг тул тэр өдөр уйлдаггүй, эм уудаггүй, өвчин хэлдэггүй, сайн сайхныг бэлгэдэн хэлэлцдэг. Энэ нь тэр жилдээ сайн сайхан байхыг илэрхийлж буй явдал. Тиймдээ ч шинэ цамц юм уу ядаж нэг шинэ оймс аваад өмсчихсөн ч бэлгэшээлтэй шүү дээ. Нөгөө талаараа үндэсний дээл хувцсаа зөв зохистой өмсөх нь зүйтэй. Түүнээс биш хэт үнэ цэнэтэй ганган чамин тансаглах шаардлагагүй. Аль ч нийгмийн үед төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй зэрэг хүмүүс хэт тансаглаж, гангардаг л байсан. Гэхдээ ард түмний хувьд бол энгийн сайхан, цайвар өнгөтэй монгол хувцсаа өмсчих нь илүү зохимжтой.

-Хотын залуусын сар шинэ ямар байвал илүү дээр вэ?

-Залуучууд золгохгүй гар барьдаг, зарим нь бусдаас илүү мэт хэрэглэх гэж аархдаг, хэт их архиар нэгнээ шахдаг гэх мэт зүйл их ажиглагдах юм. Би өөрөө судалгаа хийдэг хүн, сургалт эрхэлдэг, оюутнуудад, магистр докторуудад ч хичээл заадаг. Тэндээс харахад нэгэнт бие хүн болоод төлөвшчихсөн бол засарна гэж байдаггүй юм байна. Тиймээс хүүхэд багачууд, боловсролын системд өв уламжлал, зан заншлыг хичээл болгож заах ёстой. Хүүхэд багаасаа төлөвшсөн зүйлээ хэзээ ч мартдаггүй. Хүмүүжилгүй хүн бол хулгай хийнэ, хүнтэй муухай харьцана, гэхдээ боловсрол үүнээс тусдаа зүйл. Боловсрол мэдлэг олгодог болохоос биш, хүмүүжил олгодоггүй. Нэгэнт хүмүүжил нь тодорхой болсон хүмүүст ийм ууц тавь, ингэ тэг гэж хэлбэл сонсоод л өнгөрнө. Гадны хөгжилтэй орны иргэд өөрсдийн уламжлалт баяраа жил бүр яаж тэмдэглэх үү гэж хүнээс асуудаггүй. Асуух шаардлага байхгүй. Японд ямар нэгэн уламжлалт баяр нь боллоо гэхэд хэнээс ч асуухгүй, яаж тэмдэглэхээ хүн бүр мэддэг, багаасаа боловсролын системээр дамжуулаад авчихсан байдаг.

-Цаг үетэйгээ нийцүүлэн уламжлалаа өөрчлөх зүйл байж болох уу?

-Тухайн заншил ямар заншил вэ гэдгээсээ хамаарна. Зарим нь орчин үед нийцэхгүй мухар сүсэг байвал өөрөө халагдаж солигдоод л жамаараа өөрчлөгдчихдөг. Гадны орнууд асар их дэвшиж, хөгжсөн ч уламжлалынхаа бүтцийг яг хэвээр нь хадгалдаг. Хятад, Япон, Солонгос дэлхийд хөгжлөөрөө тэрүүлж байгаа ч ёс уламжлалаа маш сайн хадгалсан байна. Монголчуудын гол дутагдал бол эв түнжингүй байдал. Хагаралдаж бутардаг. Монгол манжид эзлэгдэж манжийн ноёдоос авлига аваад л байсан. Сар шинийн баяр бол олон зүйлийг агуулаад байгаа. Ерөнхий агуулга нь монголчуудыг эвтэй байхыг бэлгэдсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин