УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш бараг хоёр жил өнгөрчээ. Энэ бол АН-ын аархалтай, МАН-ын айдастай он жилүүд. Улс төрийн тавцнаа экс сөрөг хүчнийхэн эрх баригчдын далбааг мандуулж, харин экс эрх баригчид цөөнхийн тугийг бөхийлгөсөн өдрүүд үргэлжилж байна. Өрсөлдөөн, сөргөлдөөн, тэмцэл, толхилцооноор дүүрэн энэ тавцны нэг талд эрх баригч хүчний индрийг 12 жилийн дараа дахин эзэгнэсэн АН, нөгөө талд УИХ-ын 2000 оны сонгуулиас хойш сөрөг хүчний суудалд анх удаа шилжсэн МАН бий. Нэг ёсондоо, АН-ын ялалтын найр, МАН-ын ялагдлын стресс одоо ч хэвээр байна. Ялсан намд албан тушаал, эрх мэдлийн тойрог хэдийнэ үүсч, Н.Алтанхуяг тасалбар түгээгчийн үүрэг гүйцэтгэж байгаа бол ялагдсан хүчнээс нүүр буруулагсад нэн олон. Учир нь ялсан намын найранд ялагдсан намынхан орох хориотой. Тиймээс МАН-д бойжсон арилжааны улстөрчид эрх баригч хүчнийхэнтэй урвалд орсон нь тэр. 

    МАН ялагдсан нь үнэн. Ялагдлын романсаа өндөрлөж, эрх баригч хүчний “өвчин”-өөсөө салж чадахгүй байгаа нь ч бас үнэн. Иртэй, бяртай явсан түүх ч энэ намынх. АН-ынхныг “Бид хүчтэй сөрөг хүчин байх болно” хэмээн хашгирч байхад энэ намын мэдэлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, тэр ч атугай шүүх, прокурор, АТГ ч байв. Яг одоогийн эрх баригч хүчин шиг... Харин УИХ, нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн энэ түүхийг эцэс болгосон. Тиймээс эрх баригч хүчний титэм АН-ынхны тэргүүнд заларч, сөрөг хүчний “цагаан хоолой” МАН-ын мэдэлд шилжсэн билээ. Энэ мөчид Н.Алтанхуяг тэргүүтэн төрийн албыг төрлийн алба болгох жорыг найруулж, “Дэнзэнгүүд”-ийг бойжуулах “инкубаторууд”-ыг Төрийн ордонд ажиллуулж эхлэв. Албан тушаалын арилжаа наймааг ч ил цагаан хийх болов. АН-ын даргын хүргэн засагт зайгаа эзэлж, АН-ын гишүүн-сайдын дүү яамны газрын даргын суудалд заларч, АН-ын нэр дэвшигчид үйлчилж байсан жолооч дунд сургуулийн захирал болж, АН-ын нөлөө бүхий эрхмүүдийг тойрон хүрээлж байсан хүмүүс цөм “бялуу”-ны хэлтэрхийгээс хүртсэн. Тэр ч атугай Н.Алтанхуягийн урилгыг хүлээн авч, энэ Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэнд ч хувь оногдсон. Харин АН-ынхны энэ “өлсгөлөн” улс төр өнгөрсөн түүхийг санагдуулахгүй байна гэж үү. МАН-ынхан МАХН гэдэг дөрвөн үсэг дор нэгдэж, Н.Энхбаяр хэмээх хаантай явсан үеийг эргэн бодогдуулахгүй байна уу. Тийм ээ, Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан Н.Энхбаяр гэдэг хаантай экс эрх баригч хүчний түүхийг давтаж байна. Сайн ажиглаад байгаарай!   

    Ингэхэд МАН МАХН байхдаа, “Эрх баригч хүчнийхэн” хэмээн ид хаваа гайхуулж явахдаа ямар байсан бэ. Улс төрийн нөлөөт толиноо энэ бүхнийг эргэн харцгаая. Тухайн үеийн МАХН-ыг УИХ-ын 2000 оны сонгуульд үзэгнээс өөр өмчгүй нэгэн эрхэм удирдаж оролцсон нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байв. Түүний экипажийнхан энэ сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-д 72 суудалтай болов. Ингээд ялсан намын дарга хаан сэнтийд заларч, Ерөнхий сайд болов. Н.Энхбаярыг “Манай намд үзэгнээс өөр өмчгүй орж ирсэн” хэмээн гоочлогсод түүнд тал засч, тухайн үеийн МАХН-д “Энхбаярынхан” хэмээх маш том цул хүч бий болох нь тэр. Н.Энхбаярын хувьд, МАХН-ыг МАН болгосны дараахан, бүр тодруулбал МАХН гэдэг намыг дахин байгуулмагцаа хорсолтойхон егөөдсөн “Бөгс долоогчид” ч тэр үед байр, байраа эзэлцгээсэн билээ. Түүгээр ч зогсохгүй эрх баригч хүчний тэргүүн Н.Энхбаяр Ерөнхий сайд болмогцоо эхнэрээ Тагнуулын ерөнхий газарт зөвлөхөөр ажиллуулж, дарга нарыг нь эхнэрийнхээ өмнө ёслуулж байсан удаатай. Түүний байгуулсан эрх мэдлийн тойрогт өөр, өөрсдийн ашиг сонирхол бүхий фракциуд хэдийнэ бий болж, албан тушаал, улс төрийн өгөө, авааг хийж эхэлсэн нь Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхны гол “сурах бичиг” болж байгаа нь ч тодорхой. 

    Н.Энхбаярын эрин үе ид хүчирхэгжиж байх үед буюу УИХ-ын 2004 оны сонгуулийн дараахан тухайн үеийн МАХН-д жигүүр “өдөлж” эхлэв. Ц.Нямдорж тэргүүтэй тэрслүү лидерүүд нь тэднийг “Дорбинкдчихно шүү” хэмээн айлгав. Гэвч “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхэн амбицаа дарсангүй. “МАХН-ыг шинэчлэхийн төлөө” хэмээх пайз зүүж, албан тушаалын төлөөх сүрдүүлгээ үргэлжлүүлсээр байлаа. Н.Энхбаярын бий болгосон албан тушаалын өрийн сүлжээ МАХН-д хагарлын үрийг ингэж тарих нь тэр. Жигүүрийнхэн ч санасандаа хүрэв. МАХН-д жигүүрийг анх өдлүүлсэн Ц.Оюунбаатар, Р.Содхүү тэргүүтэй 14 хүн албан тушаалаар амаа үдүүлсэн тухай Ц.Нямдорж гишүүн хожим нь хоржоонтойхон хэлж байсан удаатай. Албан тушаалын төлөө айлгах тактикийг Н.Энхбаярын фракцийнхан ч хэрэглэж эхэллээ. Энэ бол 2007 он. УИХ дахь МАХН-ын бүлэгт “Элсний 13” нэртэй фракци үүсч, М.Энхболдыг намын даргаас огцруулах аянаа Төрийн ордонд ч, намын байранд ч хийх болов. Тэд жигүүрийнхний хэрэглээд орхисон “Намаа шинэчлэхийн төлөө” гэсэн хуучин пайзыг ашиглаж, МАХН дахь “Шинэ эргэлт”, Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөнтэй хүч хавсран намын даргаа огцруулж байсан билээ. Ингээд С.Баяр гэдэг кандидатыг МАХН-ын дарга, Ерөнхий сайд болгосон. Гэвч Д.Арвин, Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй “Элсний 13” “С.Баярыг намын дарга болгосон нь бидний алдаа байж. Тэрбээр танхимаа бүрдүүлэхдээ биднийг сайд болгосонгүй. Тойргийн гадна үлдээлээ” хэмээн дургүйцэж, ил, далд зөрчилдөөнийг бий болгосон нь бас л Н.Энхбаярын эрин үед болсон явдал. 

    Экс эрх баригч хүчний алдааг АН-ынхан яг одоо давтаж байна. МАН-аас нүүр буруулагсад дэлгэцэн дээр бүр ч тод харуулж байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар МАН-аас МАХН руу “нүүсэн”. Харин АН-ынхан сонгуульд ялмагц Д.Тэрбишдагва Шадар сайд, Ч.Улаан Сангийн сайд, О.Чулуунбат Эдийн засгийн хөгжлийн дэд сайд болов. Тухайн үеийн эрх баригч хүчнийхэн ууган нэрээ сэргээхээс өмнөхөн урваж одсон Н.Удвал Эрүүл мэндийн сайдын сэнтийд залрах нь тэр. МАН-ыг МАХН байхад намын гишүүнийх нь батлахыг өвөртөлж явсан Ц.Оюунбаатар тэргүүтэй олон хүн Тусгаар тогтнолын ордноос дүрвэж, Н.Энхбаярыг бараадсаныхаа шанг хүртэцгээсэн. МАХН-д данстай явахдаа төрийн санг захиран зарцуулж “Арван хувийн Даваасүрэн” гэдэг хочтой болсон Ц.Даваасүрэн ч экс эрх баригч хүчнээс дайжиж, УИХ-д бие даагч гишүүнэий статустай атлаа АН-аас ИНЕГ-ын удирдлагын эрхийг бэлгэнд авсан билээ. Тиймээс ИНЕГ-ын даргаар найз С.Буяндалайгаа томилуулсан юм. 

    Өөр нэгэн жишээ бол УИХ-ын гишүүн Д.Арвин. Тэрбээр МАН-ыг хүчтэй, нөлөөтэй эрх баригч хүчин байхад үр шимийг нь хамгийн их хүртсэн хүмүүсийн нэг. Н.Энхбаярын нөлөөгөөр, МАХН-ын нэрээр УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуульд ялалт байгуулсан нь нууц биш. Хамгийн сүүлд тойрог сэлгэж, Хэнтий биш, нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-ын нэр дэвшигчийн дүрээр нэр дэвшин өрсөлдсөн. Гэвч УИХ-ын нөхөн сонгуульд ялмагцаа МАН-ын гишүүний батлахаа АН-ынхаар сольсон билээ. Албан тушаалын төлөө намаа байтугай нэрээ мартахаас буцахгүй нөхдийн намтар Д.Арвинаар эцэс болсонгүй. Хөдөөд ч олноор бий болов. 

    Орон нутгийн ИТХ-ын 2012 оны сонгуульд МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэвч Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл аймагт засаглалын хямрал нүүрлэв. АН-ын дарга Ерөнхий сайд учраас МАН-аас аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн эрхмүүдийг батламжилдаггүй. Харин АН-ын гишүүн бол ёстой чөтгөр ч байсан хамаагүй албан тушаал дэвшүүлдэг үзэгдэл энэ үед илэрхий тод харагдав. МАН-ынхныг эрх мэдэлгүй, сульдаатай сөрөг хүчин байлгах бодлогыг аймгуудад хэрэгжүүлж, Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр ярилцаж байсан П.Мөнхтөрийг АТГ-ынхан баривчилсан нь оны өмнөхөн болсон явдал. Өөрсдийнх нь нүдэн дээр ийм зүйл болсноос айсан уу, АН-ын хар дансанд бичигдэхээс болгоомжилсон уу Дорнодын ИТХ-д олонхи болсон МАН-ынхан хоёр хуваагдав. Зарим нь хуучин бууриа сахиж, нөгөө хэсэг нь ялсан намын эгнээнд нэгдэх яруу алдарт төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ үзэгдэл Говь-Алтайн МАН-ынхны бэсрэг улс төрөөс ч тодорхой харагдаж байсан. АН-ынхан ийнхүү МАН-ынхныг эрх баригч хүчний “өвчин”-өөсөө салж чадаагүй, айдас, дарамттай байгаа үед овжин тоглолтуудыг хийсээр байна. Албан тушаалын төлөөх урвалт МАН-д үргэлжилж байна. Н.Энхбаярын эрин үе экс, эдүгээгийн эрх баригчдад ул мөрөө үлдээсэн нь энэ ажээ.      
 
С.ТУЛГА