Өчигдөр буюу 18.03.22-ны 23 цагт БНСУ-н 17 дахь ерөнхийлөгч асан Ли Мён Бакыг баривчлах шийдвэр гарчээ. Түүний гэрийн гадаа Солонгосын цагдаа нар болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нар цугларч баривчилж буй тухай Солонгосын телевизүүд шуурхай мэдээллэсэн байна. Баривчлах баримт хүрэлцэхүйц их байгаа бөгөөд илүү олон баримт устахаас сэргийлж баривчилж байгаа ажээ. Ли Мён Баг ерөнхийлөгч асан нь 11,100,000,000 воны хээл хахууль болон "Дасс" компаний 34,800,000,000 воны нууц орлого зэрэг 18 орчим хэрэгт шалгагдаж буй аж. Түүнийг баривчилсны дараа зүүн бус нутгийн цагдан хоригдох газар хүргэнэ гэжээ.