Өчигдөр Үндсэн хуулийн цэц хуралдлаа. Эрүүгийн бай­цаан шийт­гэх хуулийн 342 дугаар зүй­­лийн 342.1 дэх хэс­гийн “Давж заалдах шатны шүүх ял оног­дуул­сан, эсхүл цагаат­гагд­сан эт­гээдийн гэм буруутай эсэх асууд­лыг шийдвэрлэхдээ Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг ноц­­той зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуу­­лийг буруу хэрэглэсэн гэж үз­вэл энэ хуулийн 304 дү­гээр зүйлд заасан журмын да­гуу шүүг­дэгч, цагаатгагдсан эт­гээд, хо­хи­рогчийн өмгөөлөгч гом­дол гар­гах, улсын яллагч,  эс­хүл дээд шат­ны прокурор эсэр­гүүцэл би­чих эрхтэй.” гэ­сэн заалт нь Үнд­сэн хуулийн хол­богдох заалтыг зөрч­сөн эсэх асууд­лыг хянан шийд­вэрлэв.

Үндсэн хуулийн цэц уг асууд­лыг хэлэлцээд гаргасан шийд­вэртээ, Эрүүгийн байцаан шийт­гэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт шүүгдэгч, ца­гаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөр уламжлан Улсын дээд шүүхэд гомдол гар­гах эрхээ хэрэгжүүлэхээр хууль­чилснаар иргэний өөрийгөө өм­гөөлөх эрх болон хяналтын шат­ны шүүхэд гомдол гаргах эр­хийг хязгаарлаж, Монгол Ул­сын Үндсэн хуулийн Арван зур­га­дугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заа­сан эрх, эрх чөлөө нь зөр­чигдсөн гэж үзвэл уул эрхээ хам­гаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өм­гөөлөх, ... шүүхийн шийд­вэ­рийг давж заалдах ... эрхтэй.” гэс­нийг зөрчсөн байна гэж дүгнэжээ. 

Иймэрхүү жишээ хангалттай олныг бичиж болохоор байна. Хамгийн ойрхон хуралд­сан Үндсэн хуулийн цэцийн хурал­дааны мэдээллийг жишээ болгон авсан нь энэ. Энэхүү жишээгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр, Цэц ингэж идэвхтэй ажиллаж байгаа нь тийм ч сайн хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүд ажил­тай байгаа нь Үндсэн хууль ямар их зөрчигдөж, Үнд­сэн хуулийг хэн дуртай нь зөрчин хууль боловсруулж бай­гаагийн шалтгаан. 

Урьд өмнө нь Үндсэн хуулийн цэц гэдэг бай­гууллага байдаг гэдгийг жил­дээ нэг Цэцийн гишүүн то­милох асуудлыг чуулганаар хэ­лэлцэхэд мэддэг байсан гэ­дэг дэгсдүүлсэн болохгүй. Цэ­цийн гишүүдийн хувьд ч бараг л “суудлын бөглөө” төдийхөн ажил­лаж байсан билээ. 

Тэд нэг ёсондоо хийх ажилгүй ша­хуу байжээ. Харин энэ жар­галтай өдрүүд нь дууссан бай­гаа юм. Өдөр болгон шахуу ху­ралдаж, иргэний, аж ахуйн нэг­жийн нэхэмжлэлтэй Үнд­сэн хуулийн заалт зөрчсөн заалтуудтай хуулиуд, Үндсэн хууль зөрчсөн эрх мэдэлтэн ал­бан тушаалтнуудын хэргийг хэлэл­цэх болж. Үндсэн хуу­лийн цэцийн албан ёсны вэб сай­тад өдөр болгон мэдээлэл орж, “Цэц хуралдана”, “Цэц хурал­даж Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа” мэ­дээлэл өдөр алгасахгүй ор­жээ. 

Тухайлбал, он гарсаар Цэ­цээс дээрх жишээ татсан хуу­лийн заалт болон Шүүхийн ир­гэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гурав­дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн зүйлийн 3.3.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хэ­лэлцэж Үндсэн хууль зөрч­сөн гэж шийдвэрлэсэн юм. 

Өнгөр­сөн онд ч сард бараг хоёр, гурван удаа хуралдаж байсан гэхээр Үндсэн хуулийн зүйл заалтуудыг бид уландаа гишгэлж, Үндсэн хуульдаа нийцээгүй, чанаргүй, хулхи хууль өч төчнөөн баталж гаргаж байгаагийн нэг жишээ. Үндсэн хуулиа сурталчилж, баяр ёслол тэмдэглээд яваад байгаа атлаа “эцэг” хуулиа огтхон ч ойшоодоггүй, түүнийг алхам тутамдаа зөрчдөг байдал газар авлаа. 

Түүнчлэн Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргаж байгаа эрх баригчдын үйлдэл Цэцийн гишүүдийг жинхэнэ залхаан цээрлүүлж байгаа сурагтай. Үндсэн хууль зөрчиж Цэцэд хамгийн их дуудагдсан хүн бол Ерөнхий сайд. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд “Үндсэн хуулиа алхам тутамдаа зөрчиж байдаг Ерөнхий сайдыг гайхаж сууна. Энэ хүн Үндсэн хуулиа зөрччихөөд юу ч болоогүй юм шиг за тэгвэл болилоо гэх юм” хэмээн байр сууриа илэрхийлж байсан талаар МАН-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат саяхан мэдээлэл хийхдээ иш татан ярьж байсан юм. 

Цэцэд дуудагдсан, Цэцийн шийдвэр Ерөнхий сайдын эсрэг гарсан жишээг тоолоод ч барахгүй. Хамгийн сүүлд гэхэд л УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг Урт нэртэй хуулийн заалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өгөөд байгаа юм. Дараагийн рекорд тогтоож байгаа хууль бол Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль юм. Энэ хуулийн зүйл заалтууд нэлээдгүй олон удаа Цэцийн хурлаар оржээ. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Үндсэн хуулиа зөрчдөг, дураа хүрэхээр хууль зөрчиж дургүйгээ хүрэхээр зөрчсөн шийдвэрээ буцаадаг үлгэр үзүүлээд байхаар хэн бүхэн юу дуртайгаа хийдэг болоод байна. Тиймээс ядахдаа “эцэг” хуулиа зөрчихгүй байх талаар хаа хаанаа анхааръя. 

Тун удахгүй Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Тэгэхээр эдгээр заалтуудаа ч аятайхан асуудалгүй, тооцоо судалгаатай хийхгүй бол Цэцийн гишүүд маань ажлаа дийлэхээ болих нь. Үндсэн хууль зөрчсөн шийдвэр, хуультайгаа зөрчилдсөн хууль тогтоомжууд ар араасаа гарч байгаа учраас “Оршуулах уу, огцруулах уу” хэмээн уриа лоозон барин зогсч байгаа за­луусыг буруутгах аргагүй бо­лоод байгаа юм. 

Үндсэн хуу­лийг 40 метр хэвлэж жагсаал зо­хион байгуулахад бараг л Гин­нест бүртгүүлэх ухааны юм ярьж хөөрцөглөж байсан нь эмгэнэлтэй. Харин бид яагаад ингэтлээ их хуулиа зөр­чиж байна вэ гэдэг буруугаа өөрс­дөөсөө хайхгүй явсаар... Үндсэн хууль маань ч өдөр болгон зөрчигдсөөр. Хууль гууль болсныг өглөө оройгүй хуралдаж байгаа Цэцийн хур­лаас өөр олон жишээгээр хөн­дөж болохоор байна.

Эх сурвалж: www.mminfo.mn