НИТХ–ын дарга С.Амарсайхан болон НИТХ–ын зарим төлөөлөгчид, хотын удирдлагууд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Их Хурлын дарга, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НИТХ–ын дарга С.Амарсайхан :Улаанбаатар болон Улаан-Үд хот нь 1995 оноос хойш ах дүү хотын сайн харилцаатай байсаар ирсэн. Энэ хугацаанд хотын удирдлагууд уулзаж олон, ажил, арга хэмжээг хамтран зохион байгуулсаар байгаа билээ.

Манай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайн байгаа цаашид ч олон салбарт хамтран ажиллах өргөн боломжууд бий. Тэр дундаа аялал жуулчлал, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг харилцан хамтран ажиллахад бидний зүгээс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх болно гэлээ. Мөн Улаанбаатар хотод эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах, тогтвортой хөгжлийн суурь байх ёстой гэж үзэж саяхан НИТХ-аар хэлэлцэж цаашид нарийвчилсан судалгаа тооцоо хийж бодит ажил болгохоор эхлүүлээд байна. Чөлөөт  бүсийг түшиглэн 100 гаруй мянган ажлын байр шинээр бий болгох бөгөөд энэ хүрээнд хоёр хот аялал, жуулчлал, худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа нягт болгох боломжтой гэдгийг мөн онцоллоо.

БНБУ–ын Ардын их Хурлын дарга ноён Доржиев Цырен–Даши Эрдынеевич “Биднийг найрсгаар хүлээн авсанд талархал илэрхийлье гээд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллаж байгаад таатай байгаагаа илэрхийллээ. Мөн аялал жуулчлалын чиглэлээр Улаанбаатар, Эрээн, Улаан-Үд чиглэлд жуулчдыг зохион байгуулж, аяллыг эрчимжүүлж эхэлсэн гэдгийг дурдав. Цаашид манай хоёр хотын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтын ажиллагаа өрнүүлэх салбар, чиглэлүүдээ нарийн тусгаж хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.