Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол өнгөрөгч долоо хоногт гарсан. Ослын үеэр түлэгдэж гэмтсэн 25 настай эмэгтэй Н тавдугаар сарын 31-ний орой нас барсан аж.

Хэрэг явдлыг сөхвөл өнгөрсөн тавдугаар сарын 25-нд 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй хоёр бага насны эрэгтэй хүүхэд дагуулаад санамсаргүй оржээ. Энэ үед гэнэт цахилгаан буудсанаас гурвуулаа түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Одоогоор уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Шалгалтын ажиллагааны явцад буюу урьдчилсан мэдүүлгээр тус дэд станцын хаалга онгорхой байсан. Тодруулбал, бага насны хүүхдүүд дэд станцад ороод багаж, төмөр түлхүүр шидсэн байж болзошгүй. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.