-ТАВАН ТОЛГОЙН ХУВЬЦААНЫ 30 ХУВИЙГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР АРИЛЖСАН ТОХИОЛДОЛД ИРГЭДИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА БАТАЛГААЖИНА–

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж чихэнд чимэгтэй хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, Засгийн газар Таван толгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц барьж байгуулах зорилгоор арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж, шаардлагатай хөрөнгө оруулалтаа татахаар болсон байна. Ингэснээр дотоодын улстөржилтөөс болж олон жил гацаанд ороод байсан энэ том төсөл хөдлөх нь тодорхой боллоо. Таван толгой төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт гарна. Мөн манай улсад цөөнгүй ажлын байр нэмэгдэнэ. Эдгээр ажлын байр нь дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

Д.Сумъяабазар сайд “Одоогоос долоон жилийн өмнө Таван толгой бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Ордын үнэлгээ цаашид дахин нэмэгдэх боломжтой гэдгийг олон улсын судлаач, шинжээчдийн зүгээс хэлж байна” гэсэн юм. Харин иргэдийн нэр дээр байгаа 1072 ширхэг хувьцаа хэрхэн биежих нь Засгийн газрын хуралдаанаар яригдсан эсэх мэдээлэл алга. Өнөөгийн мөрдөж буй Үндсэн хуулиар иргэд хувьдаа өмчтэй байх эрхтэй. Хувьцаа зөвхөн Хөрөнгийн биржээр баталгааждаг. Хэрэв Засгийн газар Эрдэнэс Таван толгойн хувьцааны 30 хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр арилжсан тохиолдолд иргэдийн 1072 ширхэг хувьцаа баталгаажих эхний алхам болно.

Засгийн газраас мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг шуурхай хэрэгжүүлэхээр боллоо. БНАСАУ-аас БНХАУ-д нийлүүлдэг нүүрс НҮБ-ын хоригт орсон нь Таван толгой төсөл хэрэгжихэд ашигтай нөхцөл болж байна. Мөн урд хөршийн зүгээс АНУ-аас импортолдог нүүрсэндээ 25 хувийн татвар тавих болсноор Монгол Улсын нүүрсний салбарт бас нэг боломж нээгдэж байна.

Тиймээс нүүрсний үнэ өсөлттэй байгаа энэ цонх үеийг ашиглах боломж Монгол Улсад бий. Энэ алтан боломжийг алдах учиргүй. Засгийн газар хөрш орнуудтай дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, ордыг түшиглэн цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм. Таван толгойн нүүрсний орд газрыг ингэж цогцоор нь хөгжүүлж байж эдийн засагтаа нэг том алхам хийнэ.

Төмөр зам шуурхай тавигдаж, Таван толгой хөдөлснөөр иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвараа нэмэх, дэд бүтцээ хөгжүүлэх боломж нээгдэнэ. Одоо Засгийн газраас УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх нь цагаа олсон зөв шийдвэр болно.

НҮҮРСНИЙ ТЭЭВЭРТ ҮҮССЭН ДАРААЛЛЫГ ДАХИН БУУРУУЛАХААР БОЛОВ

Засгийн газрын хуралдаанаар мөн Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нүүрсний тээвэрлэлтийг Таван толгойн нүүрсний ордоос Гашуунсухайт боомт хүртэл, Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл гэсэн чиглэлээр явуулахаар өөрчилсөн байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөг бага байхаар зохион байгуулалт хийхийг салбарын сайд, аймгийн Засаг даргад даалгасан байна. Засгийн газар өмнө нь шуурхай арга хэмжээ авч 100 гаруй км үргэлжилж байсан нүүрс тээврийн автомашины цувааг арилгаж байсан ч өнгөрөгч гуравдугаар сараас дахин дараалал үүсээд байсан юм.

Тухайлбал, Цагаан хадны гаалийн баталгаат агуулахаас Гашуунсухайт боомт хүртэл богинын тээвэр хийж байгаа автомашины цуваа 23 км болж өсчээ. Таван толгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км байгаа юм.

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ УУТЫГ ИРЭХ ХАВРААС ХОРИГЛОНО

Өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг Засгийн газраас хориглосон шийдвэр гаргалаа. Иргэд, импортлогчид эртнээс бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнө уг шийдвэрийг гаргаж байгаа нь энэ юм.

ХИЛИЙН ЧАНАДАД БАЙГАА ИРГЭДДЭЭ ТУСЛАХ САНГИЙН ДҮРМИЙГШИНЭЧЛЭВ

Сангийн дүрэм, зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хурлаар хэлэлцэн шинэчлэхээр боллоо. Энэ нь гадаад улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэхэд тогтмол тулгардаг эрх зүйн туслалцааны хүсэлтийн гадаад хэлээрх орчуулгын зардлыг гаргах зохицуулалт бий болгох зорилготой.

Манай улсын 150 мянга гаруй иргэн гадаадад оршин сууж байгаа бөгөөд эрх ашиг нь зөрчигдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь нэмэгдсээр байгаа аж. “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан” нь 2009-2017 онд өргөдөл гаргасан иргэдэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан 1.3 тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Э.ЭНХ

Өдрийн сонин