"Сочи-2014" өвлийн олимпт оролцох баг тамирчдын өмсөх хувцасыг голсон олны дургүйцэл үргэлжилсээр л байна. Тус олимпт хоёр тамирчин өрсөлдөхөөр эрхээ авсан юм.

Тэдний нээлтийн үеэр өмсөх хувцас нь хар шарыг хослуулсан, ноолууран өмд пиджак юм байна. Энэхүү хувцасыг нь  "Гоёо" ХХК-аас урлаж өгсөн. Харин энэ хувцсанд олон нийт ам сайтай байгаагүй ч ноолуур гэсэн болохоор тэр яриа намжсан. 

Гэтэл Японы "Мизүмо" брэндээр хувцасласан хоёр тамирчны хар өмд, үнсэн саарал куртиктэй зураг цахим ертөнцөөр цацагдаж эхэлсэн бөгөөд тэрхүү зураг нь шүүмжлэлийг улам дэвэргээд байгаа юм.

Энэхүү зургийг харсан олон нийт "Үнсэн саарал өнгийн хувцас байх даа яахав дээ. Ядаж загвар нь байг гэхэд тод өнгөтэй байж болоогүй юм уу. Ажлын хувцас биш дээ ямар" хэмээн дургүйцлээ олон янзаар илэрхийлж байгаа. 

Хувцсанд бухимдагчид сүүлдээ салбарын сайд руу дайралт хийж эхэлсэн. Харин үүнийхэн хариуд сайд Ц.Оюунгэрэл "Яам загвар шийддэггүй. Манай тамирчдыг ивээн тэтгэх брэнд нь шийдээд явдаг юм байна лээ" гэсэн юм. Энэ үг нь цаанаа ивээн тэтгэж л байвал манай тамирчид хэн нэгний хийсэн хийц муутай хувцасыг өмсөж болно хэмээн үзэж байна.

Монгол улсыг төлөөлж Олимпийн наадамд нэрийг хуудас болон оролцож байгаа шигшээ баг тамирчдын өмсгөл хувцсанд ийм хариулт өгч байх юм. Харин ч яам анхаармаар гэх хүмүүс олон бий.

Х.Даваа