УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах асуудал эрчимтэй яригдаж байгаа энэ үед гүйцэтгэх засаглалын тэргүүнд дуулгах мэдээлэл байна. 

Танхимыг чинь бүрдүүлж буй гишүүдийн “давхар дээл”-ний тухай яриа шаргал ордноос гараад “Хангарьд” ордон руу  хальсныг мэдсэн үү, Ерөнхий сайд аа. Нийслэлийн  ИТХ-ын  төлөөлөгчдийн дээлийг  нимгэлэх эрх үүрэг бүхий хүн нь хотын дарга Э.Бат-Үүл л дээ. Гэвч тэрбээр төлөөлөгчдийнхөө дээлийг нимгэлэхийг хүсэхгүй байгаа бололтой,  ган дуугүй суусаар өнөөдөртэй золгож байна.  Үнэндээ  Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх олонхи нь дээлээ давхарлачихаад сууж байгааг  хамгийн сайн мэдэж байгаа хүн нь Э.Бат-Үүл юм. Гэвч олон жилийн дараа Засгийн эрх авсан намынхаа үндсэн эрх ашгийн дагуу сандал суудалтай зууралдах хүслийнхээ хар гайгаар намынх нь төлөөлөгчид бүгд “давхар дээл”-тэй сууж байгааг мэдсэн ч мэдээгүй царайлж сууна.  Ямартай ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өдгөө 45 гишүүнтэй. Үүний олонхийг бүрдүүлж буй АН-ын 26 төлөөлөгчийн дөрөв нь л дан  дээлтэй байна. Үлдсэн 22 нь өдгөө нийслэлийн төлөөлөгчийн албан ажлаас гадна төрийн өөр албыг давхар хашиж байна. Нэг үгээр хэлбэл,  “давхар дээл”-тэй 22  төлөөлөгчийн  тав нь Засаг даргын орлогч, нэг нь дэд сайд, хоёр нь дүүргийн Засаг даргын албан тушаал хашиж байгаа юм.  Засгийн эрх авч, олонхийн дэмжлэг авсан гэдэг утгаараа дээр дурдсан албан тушаалтнууд байж болох ч бусад төлөөлөгчдийн ашиг сонирхлын зөрчил хэрээс хэтэрснийг хэлэх хүн цөөнгүй байна. Учир нь НИТХ дахь АН-ын “давхар дээл”-тэй төлөөлөгчид бүгд нийслэлийн болон улсын өмчит үйлдвэрийн газруудын даргын албыг давхар хашиж байна. 

  Нийслэлээс сонгогдсон төлөөлөгчдийн хийх үндсэн ажил нь нийслэл дэх бүтээн байгуулалт болон нийслэлийн иргэдэд хэрэгтэй бүхий л асуудлыг шийдвэрлэх. Нэг үгээр бол, нийслэлийн төлөөлөгчид хурлаа хийж, дээрх шаардлагатай ажлуудыг хуваарилдаг. Хачирхалтай нь, нийслэлийн төлөөлөгчдийн хэлэлцэн баталж, хуваарилсан ажлуудыг  дээр дурсан нийслэлийн болон улсын өмчит үйлдвэрийн газрууд хариуцан гүйцэтгэдэг. Нийслэлийн төсвөөс санхүүждэг эдгээр байгууллагын дарга нь ИТХ-ын төлөөлөгч гэж суугаад өөрийнхөө компанид ажил хуваарилж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ тохиолдолд ямар ч ажлыг ханцуйн дотроо наймаалцахгүй гэх баталгаа алга. Хамгийн чухал нь энд маш том ашиг сонирхлын зөрчил байгааг Э.Бат-Үүл дарга яагаад үл хайхарна вэ. Намынх нь нөхөд сандал суудалтай болж, аль нэг сонгуульт ажлыг давхарлаад ч болов хийж л байвал болдог хэрэг үү.  Үнэндээ нийслэлийн төлөөлөгчдийн энэ байдлыг үүнээс өөрөөр тайлбарлах аргагүй. Нэг нь ашиг сонирхлын зөрчилтэйгөө мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий улсын ажлыг амин хувийн ашигтайгаа хольж, хутгаад сууж л байдаг. Төрийн албанд хувь, хувьсгалын ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн “давхар дээлтнүүд” дан дээлтэй болчихгүйг хичээх нь ойлгомжтой.  Харин энэ байдлыг таслан зогсоох, тунг нь тааруулах учиртай хотын Засаг дарга Э.Бат-Үүл юу хийж сууна вэ. Уг нь түүнд ашиг сонирхлын зөрчилтэй энэ олон даргаа буцааж татан улсын ажлыг урашглуулах үүднээс орных нь төлөөлөгчийг оруулж ирэх эрх нь бий. Гэвч тэр ингэхийг  хүссэнгүй.  Нүүрэн дээрээ ардчиллын нэр барьж, шударга үнэнийг магтан дуулагч хэмээн өөрийгөө тунхагладаг түүнд үнэн гэж байна уу. “Давхар дээлтэй” дарга нарынхаа толгойг илчихээд өөртөө зориулсан амарч тухлах хоёр ч өрөө гаргуулж,  бас болоогүй түүнийгээ нууц шатаар холбон иргэдээсээ бултаж суугаа   Э.Бат-Үүл даргын хувьд  нийслэлчүүд бид  хэн болж таарах вэ.  Хотын иргэдэд ач тустай ажил төлөвлөх, хийх, зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага ингэж нэг тийш хэлбийгээд дарга, цэрэггүй амин хувиа бодохоор ард олон амьдрал сайжирна гэж хүлээж суух хэрэг байна уу гэж хотын мэрээс асуумаар байна. 

“Давхар дээл”-тэй 22 төлөөлөгч  иргэдийн халааснаас бүрддэг татварын мөнгөнөөс улирал тутамд нэг бүр нь 20 сая төгрөг халаасладаг гэж байгаа. Өнөөх “давхар дээл”-ээ  20 саяын “хантааз”-аар гоёчихож байгаа  нь энэ л дээ.  Энэ мөнгө хаашаа орж байгааг эргээд хянах тогтолцоо энд байх боломж байхгүй мэт. Нийслэлээс сонгогдсон бусад намын төлөөллийн хэлж буйгаар  НИТХ-ын ээжлит чуулганаар хэлэлцэх ямар ч асуудал орж ирсэн ногоон гэрлээр баталдаг байна. Нэг үгээр хэлбэл, оруулж ирж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, эсэргүүцэл ч гардаггүй аж. Арга ч үгүй биз,  өөрт байсан дан дээлээ давхарлачихаад сууж байгаа улсад ноёноо сөрөх зүрх зориг гарна гэж үү.  Эх сурвалжийн хэлснээр дан дээлтэй дөрвөн төлөөлөгч л хурлын хэлэлцүүлгийн явцад асуулт асуух гэх мэтээр эсэргүүцэл үзүүлдэг байна. Гэвч бусад нь тэднийг хүч түрэн дуугүй болгодог гэх мэдээлэл ч байна.  Ямартай ч Нийслэлийн ИТХ хошин шог болдог бололтой. Нэг нь даргад дулдуйдаж, нөгөө нь ноён зан гаргасаар дуусдаг бололтой шүү.  Засаг дарга, түүнтэй холбоотой гарч буй шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих ёстой иргэдийн хурлын төлөөлөгчид ийнхүү дээлээ давхарласныхаа балгаар амаа үдүүлсэн мэт дуугүй суух болсон байна.  Энэ олон “давхар дээлтэн”-ээ цэгцлэх бодол байна уу, Э.Бат-Үүл дарга аа.  Эс бөгөөс төрийн ажил төрлийн сүлжээнд бат бөх холбогдоод түмэн олон чинь хамраараа газар хатгахад ойрхон байгааг сануулах хүн олон байна шүү. 

Нийслэлийн ИТХ-д  АН-аас сонгогдсон төлөөлөгчдийн албан тушаал эрхэлж буй байдал 

1.    Д.Баттулга- Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга 
2.    Э.Бат-Үүл- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 
3.    Н.Гантөмөр- /НИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч/ 
4.    Ц.Буяндалай- /НИТХ-ын Төлөөлөгч, Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч/ 
5.    Т.Бат-Эрдэнэ- /НИТХ-ын Төлөөлөгч, Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч/ 
6.    С.Очирбат- /НИТХ-ын Төлөөлөгч, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч/ 
7.    Ц.Энхцэнгэл- /НИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/ 
8.    А.Гантулга- НИТХ-ын Төлөөлөгч Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирал 
9.    Д.Хүрэлбаатар- /НИТХ-ын Төлөөлөгч Төсөв санхүү эдийн засгийн байнгын хороон дарга/ 
10.    С.Үнэн -  /НИТХ-ын Төлөөлөгч, Ус сувгийн удирдах газрын дарга/ 
11.    Б.Отгонбаяр - /НИТХ-ын Төлөөлөгч, Ардчилсан намын бүлгийн дарга/ 
12.    Ж:Амарсанаа - /НИТХ-ын Төлөөлөгч Эрүүл мэндийн дэд сайд/ 
13.    Д.Бадарсан - /НИТХ-ын Төлөөлөгч Сүхбаатар дүүргийн засаг дарга/ 
14.    Ц.Баатархүү - /НИТХ-ын Төлөөлөгч, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх/ 
15.    Л.Наранбаатар - /НИТХ-ын Төлөөлөгч НӨҮГ Дулааны сулжээ захирал/ 
16.    : Л.Нарантуяа - /НИТХ-ын Төлөөлөгч Хөрөнгө оруулалтын газрын дарга/ 
17.    : Д.Оросоо - /НИТХ-ын Төлөөлөгч Баянгол дүүргийн засаг дарга/ 
18.    Ц.Одонтунгалаг - /НИТХ-ын Төлөөлөгч Автобус-1захирал/ 
19.    .Алтанцэцэг - /НИТХ-ын Төлөөлөгч Засаг даргын зөвлөх/ 
20.    Ш.Одгэрэл - /НИТХ-ын Төлөөлөгч Улаанбаатар сангын захирал/ 
21.    Т.Болдбаатар - /НИТХ-ын Төлөөлөгч Авто тэврийн газрын хэлтсийн дарга/ 
22.    Д.Энхсайхан -/НИТХ-ын Төлөөлөгч Улаанбаатар нэгтгэл-ийн дарга/ 
23.    П.Батчимэг- НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч 
24.    Д.Байдраг -  /НИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч/ 
25.    Б.Түвшин -  /НИТХ-ын Төлөөлөгч/ 
26.    Л.Сайнтөгс - /НИТХ-ын Төлөөлөгч/ 


 

       Х.Буян-Очир