Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Засгийн газрын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж буй.
Уг хуулийг батлагдмагцаа хэрэгжиж эхлэнэ, мөн гишүүдийн дийлэнхи нь дэмжих магадлал өндөр болсон хэмээн айж байгаа тул УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байгаа юм.


Завсарлага авснаас хойш УИХ-ын гишүүн нэг бүртэй АН-ын лидерүүд биечлэн уулзаж, тохиролцоо хийж буй сураг байна.
Хэдий тийм ч уг хууль батлагдах нь бараг тодорхой болоод байгаа бололтой.
Харин хуулийн дагуу байгуулагдах дараагийн Засгийн газарт хэн хэн орох вэ гэдэг л асуудлын гол болж байгаа аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг улиран ажиллах бөгөөд зөвхөн сайдуудаа л сэлгэх бололтой.
Түүнд М.Энхболд даргатай МАН, Н.Энхбаяр даргатай МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл гэсэн хоёр сонголт бий.
Үүнээс Н.Алтанхуяг  одоогийн байдлаар Н.Энхбаяртай хамтрах магадлал өндөр байгаа ажээ.
Мөн эрс өөрчлөлт буюу Ц.Элбэгдоржийн фракци, Т.Бадамжунай тэргүүтэн нийлж ч шинэ Засгийн газар байгуулах сонирхолтой бүлэглэл ч үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ.
Юутай ч АН-ын удирдлагад Н.Энхбаяр, М.Энхболд хоёрын аль нэгийг сонгох шаардлага дахин тулгараад байна.

М.Гал