Юуны өмнө миний энэхүү захиаг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би одоо 27 настай. Боломжийн ажилтай. Нэг хүүхэдтэй эмэгтэй. Би 8 жилийн өмнө ангийнхаа нэг бандид сайн болоод, үерхсэн.

Гэхдээ тэрийг минь манай гэрийнхэн зөвшөөрөөгүй. Бид 2 3 жил үерхээд хүүхэдтэй болсон. Гэрийнхэн маань хамтдаа амьдрахыг зөвшөөрөхгүй байсан болохоор би төрсөн гэртээ хүүхдээ гаргасан. Тэр маань өдөр болгон ирээд л бид 2-той байж байгаад гэртээ харьдаг байсан. Хамт байхыг маш их хүсэж байсан ч гэрийнхнийхээ зөвшөөрлийг авч байж л хамтдаа амьдаръя гэж бд 2 ярьдаг байлаа. Тэр минь их тэвчээрэй хүлээгээд л байсан. Түүнийг минь янз бүрээр харааж зүхэж загнаж байхад тэр минь дуугүй л суугаад байдаг байсан. Зөндөө их өрөвдөж байсан ч би юу ч хийгээгүй ээ. Энэ байдал 5 жил үргэлжилсэн. Тэгээд би тэсэхгүй гэрийнхээ бүх хүмүүстэй муудалцаад хүүхдээ аваад гарсан. Тэгээд тэр залуутайгаа сайхан амьдарна л гэж бодсон. Хадмын талаас дарамт байгаагүй. Сайн аав ээжтэй. Бид 2-т бүх талаас нь тусалсан.

Удалгүй манай талынхан ч гэсэн гайгүй болсон. Гэвч манайхан амьдралд минь хэтэрхий их оролцох болсон. Бид 2 дунд хэрүүл ч тасрахгүй болсон. Гэрийнхэн минь түүнийг үргэлж өөчилж гоочлох нь надад ядаргаатай байж, би бас өөчилж гоочлоход нь түүнийгээ очиж ингэхгүй яасын, тэгэхгүй яасын гэж их зовоосон. Одоо бодоход тусдаа гарна гэдэг нь бүх зүйл тусдаа л байхыг хэлдэг юм болов уу. Гэхдээ бид 2 хичээгээд л байсан. Амьдралаа босгох гэж. Гэхдээ хичээсэн хичээл зүтгэл минь ээж аавын минь нүдэнд хангалттай байгаагүй. Ажилгүй нөхөртэй суулаа гэдэг. Хааяа өөртөө гайхдаг байсан. Бүх хүмүүс эсэргүүцээд байхад би яагаад шал өөрөөр хардаг юм бол гэж. Хайр л юм болов уу…

Хайртай хүмүүс минь бүгд эсэргүүцэж, би өөрөө сэтгэл санааны дарамттай, бас хайртай хүндээ маш их дарамттай байсан. Хичнээн хайртай байлаа гээд хажуудаа зовоогоод байлгах хэрэггүй байх. Тэр хүнийг надаас илүү жаргалтай байлгах хэн нэгэн байгаа шдээ гэж бодох болсон. Гэхдээ салалтад хүргэсэн хамгийн гол зүйл минь гэвэл би амьдралаас илүү ихийг хүсдэг хүн. Одоо байгаа зүйлээсээ илүү их боломж гаргах гэж оролддог. Илүү их хичээж, илүү их ажиллах ёстой гэж боддог. Нэг тийм шуналтай гэх юмуу даа. Гэхдээ бас тэр шуналаа би буруутгадаггүй. Хүнд байх ёстой гэж боддог. Илүү сайхан байртай болно, илүү сайхан машинтай болно, илүү сайхан ажилтай болж үр хүүхдээ одоо байгаагаасаа илүү амьдруулна гэсэн бодолтой. Харин нөхөр минь тийм байгаагүй. Одоо байгаа энэ зүйл минь хангалттай. Болно гэж боддог.

Энэ л бид 2 жинхэнэ салалт байсан байх гэж боддог. Одоо бид холбоотой байдаг. Салсан ч гэсэн. Тэр хүн бас намайг ойлгодог байх гэж боддог. Сайн мэдэхгүй юм. Би хааяа түүнийг бодохоор их баярлаж догдолдог. Хааяа түүнийг бодоход цээжин дээр нэг юм тээглээд уйлдаг. Амьдралынхаа хамгийн гоё залуу сайхан үеийг тэр хүнд л анх өгсөн, түүнээр л дуусгахыг хүсдэг байсан. Гэхдээ шуналаасаа болоод салсан. Одоо би зөв зүйл хийсэн эсэхээ мэдэхгүй байна…