Жакартагийн Азийн наадамд манай улсын шигшээ баг амжилттай оролцон медалийн тоон үзүүлэлтээр 16-р байрт жагссан билээ.

Харин үүнтэй зэрэгцэн хэд хэдэн бараа мэдээ гарсан бөгөөд П.Орхоноос допинг илэрсэн гэх мэдээллээс гадна өчигдөр манай улсын жүдо бөхийн холбоонд Азийн олимпийн зөвлөлөөс сахилгын хариуцлага хүлээлээ.

Учир нь манай бөхчүүд тус өдөр холимог багийн төрөлд БНХАУ-ын тамирчидтай барилдаж ялагдал хүлээсэн аж. Ингээд сүүлийн оноолтод барилдсан Ө.Дүүрэнбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй Хятадын тамирчинд хүндэтгэл үзүүлэх ёстой атал дэвжээгээ орхин гарсан учраас Азийн Олимпийн зөвлөлөөс ийнхүү Монголын Жүдо бөхийн тамирчдад сахилгын хариуцлага хүлээлгэжээ.

Ямартай ч жүдогийнхны энэхүү ёс зүйгүй, жудаггүй үйлдэл нь Монгол Улсын нэрийг гутааж, бүр Азийн наадмаас сахилгын хариуцлага хүлээсэн нь улсаа шившигтэй байдалд орууллаа. Ер нь Монгол бөхчүүдийн энэ их биеэ тоох, хоорондоо хагаралдах, нэгнийгээ хорлох явдал хаанаас үүдэлтэй вэ гэдгийг уншигчид бид андахгүй мэднэ. Өөрөөр хэлбэл, Чөлөөт бөхийн холбоо, Жүдо бөхийн холбооны дарганцрууд тамирчдаа хэдэн хэсэг болгон хооронд нь талцуулж, нэгнийх нь эсрэг дайсан болгодог. Тиймээс ёс зүйгүй авир гаргасан Монголын жүдо бөхийн тамирчинд хариуцлага тооцож дараагийн наадамд оролцуулахгүй байх шийтгэл ногдуулсан ч болохгүй юм байхгүй.