Монголчууд бид дор бүрнээ улстөржиж, хэрэлдэж, хэлэлцэж байх зуур өмнөд хөршийнхөн бидний эрхэлж болох бизнесийг аль хэдийнэ хэрэгжүүлж эхэлчихжээ. Үүний нэг жишээ бол ингэний сүүний бизнес юм. 

Зөвхөн уул уурхайгаас бус, бусад баялгаасаа ч орлого ашиг хүртэх боломжийг бид зүгээр суусаар улам л алдаж байна. Өвөрмонголд л гэхэд ингэний сүүг аль хэдийнэ бизнес болгочихсон, бүрэн утгаар нь ашиг олж ажиллаж байгаа аж. 

Ингэний сүү бөөр, элэг, сахарын өвчинд гойд сайн гэдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Эхийн сүүтэй найрлагаараа тун төстэй гэгддэг уг сүүний ашигтай чанарыг олж  харсан өвөрмонголчууд тэмээгээ 10 түмд хүргэхээр өсгөж, ингэний сүүгээр чихэр, хуурай сүү, үе мөчний тос зэргийг хийж байна. Урад тал нутагт л гэхэд говийн улаан тэмээ өсгөж, 200 ингэ сааж, 200 ботго өсгөж байна. Энэ ферм 1000 ингэтэй сүүний ферм болно гэдэг зорилт тавьжээ.

Ингэний сүү энд нэг литр нь 40 юанийн үнэтэй бол  айраг нь 70 юань. Нас гүйцсэн саалийн ингэ таван сая төгрөгийн ханштай. Энд жилдээ 50 тн сүү борлуулдаг. Сүүгээ тусгай саалтуураар саадаг учир ажиллагаа багатай байдаг байна. 

Энэ мэт бизнесийг монголчууд дэлхий дахинаа сурталчилж, Монголын нэгэн брэнд болгох боломж байсан. Гэвч тэд биднээс өрсчихжээ. Аливаа зүйлд хэт улстөржиж, нүдэн дээр байгаа ашиг орлогоо харж чадаагүйн үр дүнд бид өнөөдөр ийм сайхан боломжийг алдчихаад байна. Өөр ямар давуу тал байгаагаа эртхэн харж, монгол брэнд бий болгохгүй бол мөд бидэнд үзүүлж, сурталчлах зүйл үгүй болох нь бололтой. 

Д.Мөнх

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12750