БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас  олон удаагийн визний журамд орсон өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх тухай мэдээлэл өглөө. БНСУ-ын ЭСЯ-ны  консул Кил Кан Мүг энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

Шинэ журамд орсон заалтууд:

  1. БНСУ-д зорчиж байсан иргэн
  2. Төрийн албан хаагч болон төрийн өмчит ААН-ийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  3. БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан)
  4. БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор ААН байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит ААН-ийн урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн
  5. БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг, эх, хүүхэд, БНСУ-ын иргэний эхнэр, нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад 1 жил ба түүнээс дээш жил зүй ёсоор амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр/нөхрийн эцэг, эх, насанд хүрээгүй хүүхэд (18-аас доош насны)
  6. Олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшигчийн харилцагчийн зэрэглэл болон зарцуулалтаас хамааруулан VIP үйлчлүүлэгч гэж үзсэн иргэн
  7. Байнгын зорчигч - БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор 4 ба түүнээс дээш, нийт 10-аас дээш (сүүлийн 2 жилд заавал нэг удаа зорчсон байх) зорчсон иргэн
  8. Холбогдох нөхцөлийг хангаж буй эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
  9. Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад 1 жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн
  10. 1 жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгнөөс дээш байх, эсвэл татвар төлөгч 100 ААН-д хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд 1 жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
  11. БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)
  12. Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)
  13. 500 сая төгрөгнөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

Шинэчлэгдсэн журмаар 1-5 хүртэлх заалт хэвээр байх бөгөөд зургаадугаар заалтад бага зэрэг өөрчлөлт оруулжээ.

Энэхүү шинэчилсэн журмыг ойрын нэг сарын дотор хэрэгжүүлж эхлэх аж. Манай иргэдийн виз мэдүүлэхдээ ашиглаж буй хуурамч бичиг баримтын асуудал хүндрэл учруулж шинэ журмын хэрэгжилтийг удаашруулж байгаа талаар мөн дуулгалаа. Шинэчилсэн журам хэрэгжиж эхлэхэд дахин дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэв. Хугацааны хувьд өмнө нь энэхүү визийг авахад эхлээд 1 жилээр олгоод дараа нь 3, 5 жилээр авах шатлалтай байсан бол одоо  шаардлагатай бол, тухайн нөхцөлийг хангаж байвал шууд 3, 5 жилээр олгогдох бүрэн боломжтой болж байгаа юм.

БНСУ-ын ЭСЯ-ны хийсэн судалгаагаар манай улсад:

  • Эмч - 7,000 гаруй
  • Их, дээд сургуулийн багш - 6,000 орчим
  • Өмгөөлөгч - 2,000 гаруй
  • БНСУ-д бакалавраас дээш зэрэг горилсон 1,800 гаруй
  • Жилд 500 сая ба түүнээс дээш хэмжээгээр татвар төлдөг 5,000 гаруй ААН байдаг гэсэн тооцоо гаргажээ. 

Иймд эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч найруулагч, редактор зэрэг мэргэжлээр тухайн холбогдох байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, бусад нөхцлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгохоор болж байгаа юм. Түүнчлэн олон удаагийн виз нь 1, 3, 5 жил байсныг шинэчилсэн журмаар 3, 5 жил хэмээн тухайн байгууллагад ажилласан жилийг харгалзан олгохоор болжээ.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж виз мэдүүлж байгаа иргэдийн хувьд нэг долоо хоногт 1,000 ийм тохиолдол гарж байсан үе ч бий. Эдгээрээс харахад ихэвчлэн дансандаа таван сая төгрөг байршуулсан, санхүүгийн баталгаатай иргэдийнх хуурамч байдаг. Тиймээс таван сая төгрөгийн барьцаатайгаар Солонгос явуулах гэж зуучилж буй брокеруудад итгэхгүй байхыг анхааруулъя гэв.