Америкт өсвөр насны хүүхдүүд нүүр тулан ярилцахаас илүүтэйгээр зурвасаар харилцаж, чатлахыг илүүд үзэх болсон нь “Common Sense Media” байгууллагын явуулсан судалгааны дүнгээс харагджээ.

Даваа гарагт нийтлэгдсэн энэхүү судалгааны дүнд 13-17 насны хүүхдүүдийн 35 хувь нь хүмүүстэй уулзсанаас зурвас илгээсэн нь дээр гэж хариулсан бол 32 хувь нь уулзах нь амар гэж хариулжээ. Харин дээрх байгууллагын 2012 онд явуулсан судалгаагаар нүүр тулж уулзах нь 49 хувь, зурвасаар харилцах нь 33 хувийн санал авч байсан байна.

Энэ удаагийн судалгааны дүнгээс харахад, өсвөр насны америк хүүхдүүдийн гуравны хоёроос илүү хувь нь боломжтой л бол зайнаас харилцах буюу зурвас илгээх, дүрсээ харж ярих болон гар утасны дуудлагыг илүүтэй сонгоно гэж хариулжээ. Харин 2012 онд судалгаанд оролцогчдын тал хувь нь ийм хариулт өгч байсан аж.

Үүний зэрэгцээ 13-17 насны хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээ зургаан жилийн хугацаанд 41 хувиас 89 хувь болж өссөн байна. Мөн судалгаанд оролцогчдын 81 хувь нь цахим сүлжээ бол тэдний амьдралынх нь нэг хэсэг гэж хариулсан бол 32 хувь нь “маш чухал” гэж хариулжээ.

Энэ насны хүүхдүүдийн хамгийн их хэрэглэдэг цахим сүлжээний хавсралтыг мөн судалж үзсэн ба хамгийн их хэрэглэдэг хавсралтуудыг “Snapchat” (63%) тэргүүлсэн бол түүний дараа “Instagram” (61%) болон “Facebook” (43%) жагссан байна.

Энэ оны гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 10-ны хооронд явуулсан энэхүү судалгаанд 13-17 насны 1141 хүүхэд оролцсон ба судалгааг цахим хэлбэрээр явуулсан ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг