Багш нарын хугацаагүй ажил хаялт ажлын ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 67 сургууль, дөрвөн цэцэрлэг, орон нутагт 42 сургууль, 32 цэцэрлэг ажил хаясан гэдгийг МҮЭХ-ноос мэдээллээ. 

Багш нарын ажил хаялтыг зохион байгуулж байгаа МБШУҮЭХ-ны шаардлагын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар хүргүүлсэн байна. Тухайн мэдээлэлд “Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлнэ” гэжээ. Уг хариуг МҮЭХ хүлээн авч ажил хаялтыг зогсоох, эсвэл үргэлжлүүлсээр байхыг өнөөдөр шийднэ гэдгийг МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг хэллээ. Тэрбээр “Шаардлагын хариуг ирүүлсэн. Уг хариутай холбогдуулан бид дахин уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалтаар тохиролцож, гарын үсэг зурж чадвал ажил хаялт зогсоно. Тэр хэмжээнд хүрэхгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна” гэсэн юм.