Монгол Улсын хүн амын тоо өчигдрийн байдлаар гурван сая 224 мянга 266 байгаа бол нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2 сая 900 мянга. Үүнээс хоёр сая нэг зуун мянга нь фэйсбүүк хэрэглэгч. Хүн амын тоотой харьцуулахад Азидаа тэргүүлж дэлхийд аравдугаар байрт жагслаа.

Гэтэл фэйсбүүк анх үүссэн АНУ хэрэглээгээрээ тэргүүлдэггүй. Монгол Улсад фэйсбүүк хэрэглэгчдийн 66 хувь нь 18-34 насныхан. Гэвч энэ тоо эргэлзээтэй. Учир нь фэйсбүүкт 18 нас хүрээгүй хүүхдүүд маш олноороо бүртгэлтэй, хэрэглэгч болчихсон байдаг. Тэд хаяг нээхдээ төрсөн он, сараа өөрчилж, бүртгүүлдэг. Фэйсбүүкд арваас доош насны таван сая хүүхэд насаа нууж бүртгүүлсэн байдаг гэхээр 18 нас хүртэлх хэдэн сая байдаг нь ойлгомжтой. Харин твиттерт дэлхийн 1.5 тэрбум хэрэглэгч бүртгэлтэй ч 336 сая нь л сар бүр идэвхтэй ашигладаг. Твиттер хэрэглэгч монголчууд хэдэн зуун мянгаар тоологдох ч фэйсбүүкийг бодвол байнгын хэрэглэгч цөөн байдаг. Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо маш хурдтай өсч байна. Манай улсад цахим гэмт хэргийн хамгийн анхны тохиолдол нь 2008 онд бүртгэгдэж байж. 2010 оны үед нэг жилд 20 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дэлхийд кибер аюулгүй байдлын индексээрээ манай улс 174 орноос 104-т жагсчээ. Тэр тусмаа цахим орчны гэмт хэрэг насанд хүрээгүй хүүхдүүд болон залуус их өртдөг аж. Гадныхан энэ байдлаас хүүхдүүдээ хамгаалахын тулд ухаалаг утас хэрэглэхийг хориглож эхэлжээ. Зарим улс орон сургууль дээрээ ухаалаг утас барихыг хорьсон. Ийм шийдвэр гаргасан улс орнууд жилээс жилд нэмэгдэж байна. Үүний тоонд Монгол Улс ч багтлаа. Хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд муу нөлөөлөл үзүүлэх, хичээлээ хийхгүй байх зэрэг үр дагавартай төдийгүй цахим гэмт хэргийн золиос болох нь их байгаа учраас ийнхүү хориглож байгаа юм. Гэвч сошиал сүлжээний хэрэглэгч хүүхэд залуусын тоо цөөрөөгүй, нэмэгдсээр. Фэйсбүүкийн хэрэглээгээр Азид тэргүүлж, дэлхийд аравт орж байна гэдэг нь Монгол орон ерөнхийдөө сөнөж байгаа нь харагдана. Өсвөр үеийнхэнд муу нөлөөтэйг дээр дурдсан бол ид ажиллаж хөдөлмөрлөдөг насны залуус сошиал орчинд хийсэн бүтээсэн зүйлгүй ихэнх цагаа дэмий өнгөрөөж байна. Улаанбаатар хотын 15-20 насныхны 96 хувь нь өдөр бүр фэйсбүүк ордог ба тэдгээрийн 46 хувь нь хоёр цаг тутамд фэйсбүүкээ шалгадаг байна. Хоёр сая зургаан зуун хүн твиттер, фэйсбүүкт ороод элдвийн юм донгосч байна гэдэг нь энэ хэмжээгээр цаг алдаж ажил хийхгүй утас, компьютероороо оролдоод хэвтэж байдаг юм байна. Өндөр настан, өлгийтэй хүүхдээс бусад нь сошиал сүлжээ гээчийн хараат болчихоод байгаа нь статистикаас шууд харагдана. Энэ бол гайхуулах юм огт биш. Ходоодны хорт хавдраар тэргүүлж байна гэдэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй таарсан хүнсээ, цаг нар харгалзахгүй чихэж байдагтай холбоотой. Сошиалаар ингэж цаг наргүй чаталж, элдэв юм бичиж суугаа нь оюун ухаан, үнэт цагаа хордуулж суугаа бас нэг төрлийн хорт хавдар. Улсаараа, төрийн тэргүүн, улстөрчидтэйгөө, насанд хүрээгүй хүүхдүүтэйгээ зэрэгцээд сошиалын хүлээсэнд орж ихэнх цагаа барж, нэгнийгээ шүүмжилдэг, гүтгэдэг, доромжилдог, хий хоосон цэцэрхэж, хийсэн бүтээсэн зүйлгүй хэдэн жилийг үдлээ. Юу ч мэдэхгүй, юу ч бүтээхгүй, юунд ч суралцахгүй хэрнээ бүх юманд оролцоно. Сошиалд байгаа хүмүүсийн ярьж хэлж байгаагаас харахад мэдэхгүй юм тэдэнд алга, мэддэг юм ч алга. Мэдэхгүйгээ мэддэг мэт бүгдэд оролцдог тэнэгүүд олон байдгийг та бүхэн андахгүй мэдэх биз. Сошиал ертөнц өөрийн гэсэн баатруудтай болсон. Өнөөх өөрсдийнх нь төрүүлсэн баатрууд нь энгийн амьдрал дээр хүний өөдөөс эгц харж чадахгүй гөлөлзсөн галзуу амьтад байх нь олонтаа. Сошиал сүлжээнд амьдрагсад өөрсдөө тэр галзуучуудаа бий болгож, өдөөн турхираад, тэднийгээ харааж зүхнэ. Гэртээ юмуу, гудманд солиотойгоо харуулж байсан түүнийг сошиал орчинд орж ирмэгц улай үзсэн хэрээ шиг бүгд гуаглаад эхлэхээр өнөөх нь өөрийгөө тоож эхэлдэг. Тэр галзуучууд нь өнөөдөр Монголын нийгэмд шийдвэр гаргахад нөлөөлж байна. Улстөрчид нь хэдэн зуун мянган дагагчтай. Нөгөө олон зуун мянган дагагчид нь нэг жиргээ, пост оруулахаар нь урдаг ноход шиг шаагиад ороод ирнэ. Тэгээд л өөрсдийн бодлыг тулгана, зааж зааварлана. Тэднээсээ улстөрчид нь айна гэж жигтэйхэн. Галзуучуудынхаа хэлсэн үгсээр шийдвэрээ гаргана. Нийгмийн амьдралд идэвхтэй хоёр сая гаруй хүн сошиалын идэвхтэй хэрэглэгч гээд бодоод үз. Ийм маягаар галзуучуудын шийдвэрээр улс орон сүүлийн жилүүдэд явах болов. Ингээд болоогүй. Бид нөлөөлж чадаж байна гэлцэн өөрсдийгөө дөвийлгөнө. Манай өмнөд хөрш фэйсбүүк твиттерийг хэрэглэдэггүй, хориглодог. Өөрсдийн гэсэн сошиал сүлжээтэй болсон.Тэд WeChat, Sina Weibo гэсэн өөрийн сүлжээтэй. Мэдээж тэрийг гадныхан биш улс нь хянаад байж байдаг. Бас цензурдэнэ. Харвардын их сургуулийн хийсэн судалгаагаар “50 центнам” гэх нэртэй коммент бичдэг хүмүүс Хятадын коммунист намын үйл ажиллагааг дэмжиж, жилд дундаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд оруулдаг гэнэ. Хятадын эрх баригчид үүнийг цахим орчинд явуулж буй цензур хэмээн өмгөөлж хамгаалсан байр сууриа илэрхийлж байжээ. Хойд хөрш харин Whatsapp, Sкуpe, Viber зэрэг сошиал сүлжээг хэрэглэдэг юм билээ. Харин Монголд ямар ч хяналт байхгүй. Дэлхийн бүх сүлжээнд их, бага хэмжээгээр бүртгэлтэй байдаг. Хамгийн өргөн хэрэглэдэг нь мэдээж дээр дурдсанаар фэйсбүүк, твиттер.

Дээр нь монголчууд бид бие биенээ эргээд харахаар л муулж байдаг өөдгүй улс. Сошиал орчинд нэр нүүрээ нуухаараа бүр ч увайгүй болчих юм. Өдөр бүр өдөөн хатгасан, доромжилсон, гүтгэсэн, бусдыг луйвардсан хуурсан үй олон пост, жиргээнүүд хийгээд сууж байдаг. Дэлхийгээр нэг өөрсдийнхөө шившгийг дэлгэж суугаагаа юман чинээ тоохгүй. Тиймээс өөрийнхөөрөө үлдэхэд өөрийн сошиал сүлжээтэй болох хэрэгтэй байна. Гадны сүлжээг юун түрүүнд хааж, төрийн өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид нь хамгийн түрүүнд эндээс гарах хэрэгтэй. Тэгэхгүй бол том, жижиггүй сошиалд орчихсон юу дуртайгаа бураад байхаар энэ улсад нууц гэж байна уу. Америкийн бүх нууц Невадагийн цөлд булаатай хадгалагдаж байдаг гэхчлэн Монгол Улсын бүх нууц дэлхийгээр нэг цацагдаж, гадны сүлжээнд бүртгэгдэж, хадгалагдаж байна. Монголын бүх нууц гадаадын хаа нэгтээ хэн дуртайд нь харагдаад, тэрийг нь хүссэнээрээ боловсруулаад байж болох уу.

Фэйсбүүкийн төлөөлөгч Монголд ирлээ гэж баярлаж бахдаад яах юм. Тэд их баяртай ирэх нь аргагүй биз. Хамгаа дэлгэсэн хэрэглэгч нь энд олноороо байгаа юм чинь. Үнэн хэрэгтээ сошиал орчинд хар тамхи, бэлгийн дарамт, амиа хорлохыг хүүхдүүдэд тулгаж, үй олон муу зүйл энд цэцэглэн хөгжиж байна. Ирээдүй минь үүний уршгаар хэнийг ч үл тоодог, хүндлэх юмгүй, ичиж эмээх зүйлгүй өсч байна. Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна гэдэг яг үнэн. Танихгүй хүнд хүүхдийнхээ ирээдүйг бид даатгаад сууж байна шүү дээ. Бурхан багш, Есүс хэн ч сошиалд орж ирсэн нүүр хийх аргагүй болгож чадахаар ийм л орчинд бид өдрийн ихэнх цагийг өнгөрөөж, үр хүүхэд маань тэндээс сурч, тэнд болохгүй бүхнийг сурч, хүмүүжиж байна. Ийм зүйлийг байлгаад байх уу.

Сошиалд дураараа чалчихыгаа ардчилал гэж андуурах хэрэггүй. Ардчилал гэдэг хажуугийн хүний хамрын үзүүрээр хязгаарлагдаж байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдгийг хэтрүүлэн ойлгож, хүн гүтгэн доромжлох орчин бий болсон нь магад ардчиллын сул тал. Эхний үед сошиал орчин их зөв маягтай байсан. Хэлэлцэхээ хэлэлцэж, санаа бодлоо солилцож аядуу байлаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед түүний зураг хөргийг нь элдэвлэж, ойр тойрныхныг нь шившиглэж, онигооны баатрууд болгож эхэлсэн. Дараа нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат руу энэ мэтчилэн дайралт хийж эхэлллээ. Монголын нийгэмд муугаар нөлөөлж эхлэн, сүүлдээ хэн дуртай нь юу дуртайгаа ярьж бичиж, шүлсээ үсчүүлж хүн доромжилдог, бусдын эрхэнд дураараа халддаг талбар болсон. Сошиал сүлжээг үүсгэн байгуулагчид ч үүнд санаа зовж эхэлсэн байна лээ. Сошиал сүлжээг дагаад троллчид буюу цахим сүлжээний соёлын хэм хэмжээг зөрчиж, бусдын харилцаа, танин мэдэхүй, мэдлэгийн солилцоо, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулж, маргаан үүсгэж, байгаа үйлдлийг троллинг буюу интернэт тролл гэдэг юм байна. Энэ нь өөрийн онцлогтой, зорилго, шалтгаан нь ялгаатай. Улс орнууд, ялангуяа тухайн улсын эрх баригчид олон нийтийн санаа бодлыг хянах, зөөллөх, суртал ухуулга хийх зэрэгт троллыг ашигладаг ч улс төрийн өрсөлдөгчийнхөө эсрэг худал мэдээлэл тараах, нийгэмд зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор сүүлийн үед ашиглах болсон талаар сэтгэл эмзэглэх болсноо мэргэжилтнүүд илэрхийлэх болж. Троллчид дэлхийн хаа сайгүй. Монголд ч бий. Та өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна гээд троллчдын эрхшээлд орчихсон байхыг үгүйсгэхгүй. Монгол Монголоороо байхын тулд өөрийн гэсэн сошиалтай тэрийг нь хянадаг болмоор байна. Манай улсын хувьд ч судалгаагаар нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон залууст нөлөөллийн ажлыг хийх боломж бүрдсэн талаар сошиал сүлжээ хэрэглэгч залуусын тоон дээр тулгуурласан судалгаа гарсан байна лээ. Мөн Фэйсбүүк, твиттер, зэрэг олон нийтийн сүлжээний цахим хуудсуудыг Арабын хавар, Украины хувьсгалд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Мөн шударга сонгууль болох боломжгүй болсон талаар Фэйсбүүкийн Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал асан Алекс Стамос хэлсэн байна лээ. Гадны нөлөөллөөс хамгаалах арга хэмжээ аваагүй учраас хэтэрхий оройтсон, 2018 оны АНУ-ын Конгрессын сонгууль болох гэж буйтай холбоотой тэрээр ингэж хэлсэн байсан. Хэрийн халдлагад өртөхөөргүй АНУ-д ингэж анхааруулсан байхад Азидаа хэрэглэгчээрээ тэргүүлээд байгаа Монголын сонгуульд нөлөөлөх бол энүүхэнд биз.

Б.ДОНРОВ

Эх сурвалж: Өдрийн сонин