Иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон бөгөөд үүнийг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтжээ.

Төгрөгтэй харьцах ам.­дол­­ларын ханш 2500 төгрөг даваад байна. Энэ нь манай улсад орж ирж буй валют гадагшаа урсгаж буй валютаасаа бага байгаагаас шалтгаалж байгааг Төв банкнаас тайл­барлав. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байна. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 198.5 хувийн алдагдалтай гарсан байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 дахин өсчээ. Уг өсөлт нь  ам.долларын ханш өсөх гол шалтгаан болжээ. Улир­лаас шалтгаалан манай улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайл­бал, тэмдэглэлт баяруу­дын өмнө импорт нэмэгд­дэг байна. Хичээ­лийн шинэ эхлэхтэй холбоо­тойгоор импортын хэмжээ өссөн. Энэ нь мэдээж худалдааны тэнцэл тэнц­вэргүй гаргахад нөлөөл­сөн. Гадаад эдийн засаг үүнд мөн нөлөөлж байгаа юм байна.

М­онгол­банкны Мөнгө­ний бодлогын  зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр “Ам.долларын ханш оны эхнээс гурван хувийн өсөлттэй байгаа. Энэ нь орох урсгал нь гарах урсгалаас бага байгаатай холбоотой. Оны эхний саруудад том импортууд хийгдээд дууссан. Одоо импортын хэмжээ багасна. Тэр тусмаа хэрэглээ, тоног төхөө­рөмжийн импорт буурах төлөв бий” гэв. Аливаа улсын гадаад валютын албан нөөц  тухайн улсын импортын жилийн хэрэгцээг хангах хэмжээний байх ёстой аж. Харин манай улсын одоогийн албан нөөц зургаан сарын импортын хэмжээг хангахуйц  буюу 2.9 тэрбум төгрөг байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар Төв банк 13 тонн алт худалдан аваад байгаа. Жилийн эцсээр энэ тоог 22 тоннд хүргэхээр зорьсон байгаа билээ. Түүнчлэн энэ онд Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 25 тоннд хүрнэ гэсэн хөндлөнгийн судлаачдын дүгнэлт ч байгаа юм.

Өнгөрсөн сарын байд­лаар улсын хэмжээнд инфляц зургаан хувь, нийслэлд 6.4 хувьд хүрээд байна. Инфляц найман хувь орчимд тогтворжих төлөв­тэй байгааг Төв банк­наас мэдээллээ. Түүнч­лэн өчигдөр Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 10 хувьд нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээг­дэхүүний үнэ харьцангуй өндөр төвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байгааг энэ үеэр хэлэв. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монгол­банк энэ оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байгааг ч дурдав. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.

Монголбанкны бодло­гын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот төвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ гэдгийг онцлов. Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.

Зээл хурдацтай өсч өрхийн өр, импортыг нэ­мэг­дүүлж, санхүүгийн тогт­вортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул ипо­текийн бус иргэдийн хэрэг­лээний зээлийн хуга­цааг 30 сараас хэтрүү­лэх­гүй байхаар тогтоосон. Үүнийг ирэх оны эхний өд­рөөс  мөрдүүлэхээр тогтжээ.

Гадаад валютын орло­гогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах болол­цоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн сис­тем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон хан­шийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэг­дүүлж, мөн тухайн өдрөөс мөрдүүлэх аж.

Үндэсний шуудан сонин