Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, удирдлагын ухааны доктор, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер А.ТЛЕЙХАНТАЙ ярилцлаа.

-“ДЦС 4”-д гэмтэл гарч, Улаанбаатар хот тэр чигээрээ цахилгаан эрчим хүчгүй болсон. Та мэргэжлийн хүний хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-“ДЦС 4”-ийн 220 кВ-ын ил хуваарилах байгууламжид шуурхай ажиллагааны сэлгэн залгалтыг технологийн дагуу хийж чадаагүй, алдаа гаргаснаас үүдэн бүрэн зогссон. Ингэснээр бусад станцад давтамж буурч, аваарын нөхцөл байдал үүсэн, хамгаалалт ажиллаж, үйл ажиллагаа доголдож эхэлсэн. “ДЦС-4”-д саатал гарсны дараа Эрчим хүчний сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Урьдчилсан байдлаар техник ашиглалт, сэлгэн залгалтын дүрмийг мөрдөж ажиллаагүй учраас саатал гарсан гэсэн дүгнэлт байна. Гэхдээ энэ бол хэн нэг хүний хариуцлагагүй үйл ажиллагаа гэхээсээ илүүтэй салбарын хэмжээнд авч үзэх ёстой асуудал болсон.

Эрчим хүчний салбар маш хатуу дэглэмтэй, чанга тогтолцоотой, өндөр сахилга хариуцлагатай ажилладаг байсан. Гарсан гэмтэл, саатал болгоныг судалж, дүгнэж ярилцдаг, аль нэг үйлдвэр дээр гарсан осол аваарын талаарх мэдээлэл, даалгаврыг бусад үйлдвэр байгууллагад хүргүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, сургалт хүртэл хийдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. “ДЦС-4” ТӨХК дээр гарсан энэ саатал манай эрчим хүчний салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, мэргэжлийн түвшин ямар байгааг ч бас харууллаа. Сүүлийн жилүүдэд мэргэжил, мэдлэг, туршлага шаарддаг гол ажилд мэргэжлийн бус хүн томилогдож байгаатай ч энэ асуудал холбоотой.

-Дахиад эрчим хүчний ийм хэмжээний саатал, гэмтэл гарахгүй гэх баталгаа байхгүй. Уг нь эрчим хүчний 20 хувийн нөөцтэй байх ёстой гэж тооцдог байх аа?

-Шинэ цахилгаан станц барих асуудлыг бид олон жил ярьсан ч улс төрийн шалтгаанаас болж том төслүүд зогсонги байдалд ордог гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Төлөвлөөгүй, нарийн сайн судалгаа шинжилгээ хийгээгүй, мэргэжлийн бус хүмүүсийн хийсэн, бодит амьдрал, орчин нөхцөлтэйгөө нийцэхгүй төсөл хөтөлбөрүүдийг гаргаж ирж цаг хугацаа алдаад л байна. Нийт суурилагдсан хүчин чадлынхаа 20 хувийн нөөцтэй байдаг байсан цаг саяхан. Өнөөдөр эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1200 МВт байгаа. Өнгөрсөн өвөл оргил ачааллын үед 1081 МВт хүрсэн. Цаашдаа аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах, одоо байгаа эх үүсвэрүүдээ шинэчлэх, өргөтгөх гээд асар их ажил байна. Харамсалтай нь, манай шийдвэр гаргагчид мэргэжлийн хүмүүсийн гаргасан саналыг бүрэн дэмждэггүй, янз бүрийн шалтгаанаар хойшлуулдаг.

-Хуучин цахилгаан станцуудаа өргөтгөх нэрээр ашиглалтын хугацаа нь дууссан станцаа л додомдоод байх юм. Шинээр станц байгуулахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Энэ Засгийн газрын үед эрчим хүчний салбар нэлээд урагшлах байх гэсэн иргэдийн хүлээлт байсан. Гэвч хийж байгаа ажил нь гарт баригдаж, нүдэнд харагдахгүй байна шүү дээ?

-Би энэ салбарт 42 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хийж ирсэн ажлаасаа дүгнээд хэлэхэд бидэнд асар их боломж бий. Харин бид өөрт байгаа боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Зарим хүн одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын насжилт өндөр болсон гэж яриад байгаа. “ДЦС-3” байгуулагдаад 50, “ДЦС-4” 35 жил болж байна. Анх байгуулагдахад тавьсан тоноглол одоо байхгүй. 1990 оноос хойш техникийн шинэчлэл хийж нийт тоног төхөөрөмжийн 50 орчим хувийг шинэчилсэн гэж болно. Одоо ч ажил явж байна. “ДЦС-4”-ийн 1-4 дүгээр турбиныг шинэчлэх хөрөнгийг ОХУ-аас зээлж, ажлаа эхлүүлсэн. Ингэснээр тус станцын хүчин чадал 89 МВт-аар нэмэгдэж, дөрвөн турбины ажиллах хугацаа 220 мянган цагаар уртсах юм. Мөн “ДЦС-3” дээр 25 МВт-ын тавдугаар турбиныг 50 МВт болгож солих, тус станцын баруун талд 50 МВт-ын нэг зуух турбин тавих, 48 МВт-ын дунд даралтын хэсгийг буулгаж, оронд нь шинээр 250 МВт-ын станц барих боломжтой. Мөн “ДЦС-2”-ын суурин дээр 200 МВт-аас дээш хүчин чадалтай цахилгаан станц барих судалгааны ажлыг эрчимжүүлэх, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийн ажлыг шуурхайлах, Амгалангийн дулааны станцад турбин генаратор суурилуулан 50 МВт-ын өргөтгөл хийж, цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Энэ талаар манай мэргэжилтнүүдийн гаргасан санал, тооцоо судалгаа бий. Бүх зүйлийг хуучирсан гэж голж болохгүй. Эхний ээлжид хөрөнгө оруулалт бага шаардсан, богино хугацаанд гүйцэтгэх боломжтой ажлуудаа өөрсдийн нөөц бололцоог дайчлан хийх хэрэгтэй.

-Хийх боломж байгаа юм байна. Тэгвэл яагаад хийхгүй байна. Засгийн газар яагаад хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байна вэ гэсэн асуулт гарч ирж байна л даа?

-Цахилгаан станцуудыг өргөтгөх асуудлыг Эрчим хүчний сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчих юм бол тоноглолуудаа захиалж, бэлтгэлээ хангаад дараа жил, өвлийн их ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулах боломжтой. Энэ өргөтгөлүүдийг хийхэд шинэ станц барьж байгуулснаас хоёр дахин хямд зардал, бас хоёр дахин бага хугацаа зарцуулна. Мөн Засгийн газар дэмжиж, Хөгжлийн банк баталгаа гаргаж өгвөл Тэлмэнгийн 100 МВт-ын чадал бүхий дулааны цахилгаан станцыг 18 сарын дотор барьж ашиглалтад оруулах боломжтой.

-Багануурын 700 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байгуулбал Монгол Улсын эрчим хүч гаднынхны мэдэлд шилжиж, хэрэглэгчид үнэ тарифын барьцаанд орно гэсэн мэдээлэл байгаа нь хэр бодитой вэ?

-Багануурт шинэ цахилгаан станц барих асуудлыг 1990 оноос хойш ярьсан. Оросын тусламжтайгаар тэнд станц барихаар барилгын ажил эхлүүлсэн ч зах зээлд шилжээд зогссоны дараа УИХ-ын 2010 оны Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, Багануурын нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр дахиж гарсан. Нүүрсний тээврийн зардал гарахгүй, үйлдвэрлэсэн цахилгааныг шууд цахилгаан дамжуулах агаарын шугамаар хэрэглэгчдэд хүргэх учраас үнэ өртөг нь хямд байна. Багануурт цахилгаан станц барьснаар гадаадаас импортлох цахилгааны хэмжээ багасна гээд маш олон давуу талтай.

-Тэгвэл яагаад Багануурт станц барих асуудлыг хойшлуулаад байгаа юм бол?

-Станц барихыг эсэргүүцээд байгаа юм биш. Харин хөрөнгө оруулагчдын төсөл, гэрээ хэлэлцээрийг засч сайжруулах зайлшгүй шаардлагатай. Саяхан ажлын хэсэг гарч, Багануурын уурхайг түшиглэж барих цахилгаан станцын төслийг судалж, засч сайжруулахаас өөр аргагүй зүйл гарч ирсэн. Нэгдүгээрт, Багануурын уурхайг түшиглэн тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр зэрэгцээ турбин бүхий нийтдээ 700 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барина гэж төсөлд тусгасан. Гэтэл эрчим хүчинд ашиглаж байгаа турбины хамгийн их хүчин чадал нь 123 МВт байгаа.

Энгийнээр тайлбарлахад Багануурын дулаан цахилгаан станцад нэг гэмтэл, саатал гарахад төвийн эрчим хүчний системд чадлын дутагдал үүсч, систем тэр чигээрээ савлаж бүрэн зогсох аюул бий. Саяхан “ДЦС 4” гэнэт бүрэн зогсоход бусад цахилгаан станц дээр саатал гарч байгаа шиг л зүйл давтагдана. Тиймээс Багануурын цахилгаан станцад 350 МВт-ын хүчин чадалтай турбин суурилуулж болохгүй, өнөөдрийн байдлаар 200 МВт-аас доош хүчин чадалтай турбиныг суурилуулах шаардлагатай гэдэг дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл, төсөл энэ хэвээрээ хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний системийн аюулгүй найдвартай ажиллагаанд эрсдэл үүснэ гэсэн үг. Энэ төслийг дэмжихгүй байх хоёр дахь шалтгаан нь “Цахилгаан худалдах, худалдан авах гэрээ”-нд байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид “Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгаан эрчим хүчийг худалдаж авна, гэсэн гэрээг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-тай байгуулсан. Гэрээний дагуу Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгааныг худалдаж авахын тулд “ДЦС 3”, “ДЦС 4”-ийн зарим хэсгийг зогсооход хүрнэ. Одоо ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудаа зогсоогоод Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн бүх цахилгааныг худалдаж авъя гэж бодоход хэрэглэгчдийн цахилгааны үнэ тариф бараг хоёр дахин нэмэгдэнэ. Өнөөдөр ажиллаж байгаа “ДЦС 3”, “ДЦС 4” анх баригдсан өртгөө нөхчихсөн учраас зөвхөн үйл ажиллагааны зардал л үнэ тарифт нь шингэсэн байдаг. Харин шинээр баригдаж байгаа цахилгаан станцын зардал дээр хөрөнгө оруулалтын зардал давхар нэмэгдэх учраас цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-аас өгсөн горимын дагуу үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авна гэсэн заалтыг гэрээндээ суулгаж өгөх хэрэгтэй. Энэ хоёр хоёр асуудлыг шийдвэрлэхгүйгээр Багануурын цахилгаан станцыг барих нь эрсдэлтэй.

-Үйлдвэрлэгчид үнэ тариф хэтэрхий бага байна гэж шүүмжилдэг. Гэтэл хэрэглэгчид эсрэг байр суурьтай байдаг. Үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрхэн тогтоодог вэ?

-Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдаж, Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан. Өмчийн хэлбэрийг үл харгалзан хараат бус байдлаар үйлдвэрлэгч болон хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангаж үйл ажиллагаа явуулдаг зохицуулалтын байгууллага дэлхийн бүх оронд бий. Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч үйлдвэрлэх дамжуулах, түгээх, хангах зэрэг 12 төрлийн тусгай зөвшөөрөл олгохоос гадна хуульд заасан үнэ тариф тогтоох зарчмыг баримтлан хэрэглэгчдэд дарамт болохгүй, үйлдвэрлэгчийн эдийн засгийн чадавхийг хангах хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үнэ тарифыг баталдаг. Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд Засгийн газраас үнийг барьдаг байсан учраас эрчим хүчний салбар маш их алдагдалтай ажиллаж ирсэн. Харин 2015 оноос Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний хуульд өөрчлөлт оруулж, олон тарифын тогтолцоонд шилжсэнээр салбарын эдийн засгийн байдал сайжирч эхлээд байгаа. 2015 оноос Төвийн бүсийн үйлдвэрүүд улсын төсвөөс татаас авахаа болилоо.

Өнөөдөр Монгол Улсад цахилгаан эрчим хүчний үнэ харьцангуй хямд. Дунджаар тооцоход зургаан цент орчим буюу 145 төгрөг байгаа. Хоёр хөрштэй харьцуулах юм бол хоёр дахин бага, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дөрвөөс тав дахин бага үнээр хэрэглэгчид маань цахилгаан эрчим хүчийг худалдаж авч байна. Эрчим хүчний зохицуулах хороонд эрчим хүч үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч, хангагч байгууллагуудаас эрчим хүчний үнэ тарифыг нэмүүлэх санал ирдэг. Мөн нүүрсний уурхайнууд нүүрсний үнийг нэмсэнгүй гэсэн гомдол байнга гаргадаг. Бид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хэрэглэгчид хоёрын эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах үүрэг хүлээсэн улс. Тиймээс эрчим хүчний үнэ тарифыг тогтоохдоо маш нарийн судалгаа хийж, тооцоо гаргаж ажилладаг.

-Иргэд үнэ ярихаар сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэрээр үндэслэлгүй мөнгө авлаа гэж шүүмжилдэг. Энэ ямар учиртай юм бэ?

-Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд “Нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн нэг кВт цахилгааныг 15-18 центээр, салхин цахилгаан станцаас гарсан цахилгааныг 8-9.5 центээр худалдаж авна” гэж үнэ тарифыг нь нарийн хуульчилж өгсөн. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт орж, дэмжих тарифыг мөрдөж эхэлсэн. Салхитын 50 МВт-ын салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулсны дараа дэмжих тарифыг анх дөрвөн төгрөгөөр тогтоож байсан юм билээ. Дэмжих тариф өөрөө тогтмол тариф биш. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт нэгдсэн сүлжээнд нэмэгдээд байвал хэрэглэгчээс авах дэмжих тарифын төлбөр нэмэгдэнэ. Өнгөрсөн онд Цогтцэцийн 50 МВт-ын салхин цахилгаан станц, Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт тус бүр нь 10 МВт-ын хүчин чадалтай нарны хоёр станцыг ашиглалтад оруулж, үйлдвэрлэсэн цахилгаанаа Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн учраас дэмжих тарифт өөрчлөлт орж, хэрэглэгчид 1кВт.ц цахилгаан тутамд 11.8 төгрөгийн дэмжих тариф төлж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 120 МВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ажиллаж байна. Энэ онд нийт 40 МВт-ын чадалтай нарны гурван эх үүсвэр, Сайншандад 55 МВт-ын салхины станц ашиглалтад орно.

Үүнээс болж дэмжих тариф 7.73 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарч байна. Аливаа үнийг хуулиар тогтоодог тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулж, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний үнийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэж байж сэргээгдэх эрчим хүчний үнийг бууруулах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч маань эрчим хүчний салбарын горим ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Энэ онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 215 МВт-д хүрлээ. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод “Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2020 онд 20 хувьд хүргэнэ гэсэн зорилт үндсэндээ хэрэгжиж байгаа юм. Манай эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангахтай холбоотойгоор 250 МВт-аас илүү сэргээгдэх эрчим хүчний чадлыг системд авах боломжгүй. Үнэ тариф, горим ажиллагаа гэсэн хоёр шалтгаанаас үүдэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Манайх нийт цахилгааныхаа 20 хувийг импортын эрчим хүчээр хангадаг. Ингэхдээ дотоодын цахилгааны тарифаас өндөр үнээр авдаг. Үүнд нийтдээ хэдэн төгрөгийг зарцуулдаг юм бэ?

-Өнгөрсөн онд гэхэд Монгол Улс БНХАУ-аас 1.1 тэрбум кВт.ц эрчим хүч, ОХУ-аас 300 гаруй сая кВт.ц цахилгаан эрчим хүч импортоор авч байна. ОХУ-аас 1 кВт.ц эрчим хүчийг 219 төгрөгөөр худалдан авч Төвийн болон Баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлдэг. Харин “Оюутолгой” ХХК БНХАУ-аас жилдээ 300 орчим тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч худалдан авч байгаа.

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт борлуулалт хэдэн төгрөг байдаг юм бэ? БНХАУ-аас 300 тэрбум төгрөгөөр эрчим хүч худалдаж авахгүйгээр өөрсдөө нийлүүлэх боломж бидэнд бий юү?

–Эрчим хүчний салбарын хэмжээнд өнгөрсөн онд 6.1 тэрбум кВт.ц цахилгаан, 8.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн, импортоор 1.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, нийтдээ 835.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Үүний 300 орчим тэрбум төгрөг нь БНХАУ руу явж байна. Энэ бол их тоо. Засгийн газар болон “Оюутолгой” ХХК компанийн хооронд 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюутолгой” ХХК 2017 оны долоодугаар сараас эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн. Гэвч өнөөдрийг хүртэл цахилгаан станцаа барьж байгуулаагүй, БНХАУ-аас импортоор авч байгаа.

-Өнгөрсөн жил агаарын бохирдолтой холбоотойгоор шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн. Энэ хөнгөлөлт энэ онд үргэлжлэх үү?

-Засгийн газраас баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх шинэчилсэн журмын дагуу халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлөхөөр болсон. Энэ журмын дагуу цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ. Энэхүү хөнгөлтөд шаардлагатай 9.2 тэрбум төгрөгийг Засгийн газар Улсын төсвөөс олгож байгаа.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин