Чингэлтэй дүүргийн 12-р хорооны оршин суугч Д.Батмөнхийн таван ханатай гэр шатаж, орон гэргүй хоцорсон түүнд монголын сайхан сэтгэл ард түмэн харамгүй тусалжээ.

Түүнд туслах аяныг ТВ5 телевиз зохион байгуулж өчигдөр шинэ байртай болсон талаар мэдээлсэн юм. Тус телевизийн фэйсбүүк хуудаснаа ийн бичсэн байв.

Манай пэйж хуудсыг дагагч Монголын ард түмэндээ #баярлалаа. Та бүхний ачаар орон даяар, хилийн чанад дахь элэг нэгт монгол ахан дүүст хүрч түүнд туслах аян эрчимтэй өрнөн Д.Батмөнх бяцхан охидууд, ээжийнхээ хамт тав тухтай амьдрах орон байртай боллоо.
#TV5Mongolia #СайнҮйлсБүхэнДэлгэрэхБолтугай

Батмөнхөд туслах аяны хүрээнд 80 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд үүний 75 саяар нь тансаг зэрэглэлийн орон сууц авчээ. Цомт группийн захирал энэ гэр бүлд хувиасаа тусламж үзүүлэн 145 сая гаруй төгрөгийн үнэтэй орон сууцаа тал үнээр нь өгч, хоёр охиныг нь мөн хоёр гаруй сая төгрөгийн өртөгтэй хувийн цэцэрлэгт бүтэн жилийн турш хамруулахаар болсон байна. 

Түүний гэрт эхээсээ өнчирч үлдсэн гурван балчир охин, 80 нас гарантай буурай ээж нь байжээ. Д.Батмөнхийг гэрээсээ гараад арван минут ч хүрээгүй байхад гэрт нь гал маналзаж, гэрийнхэн нь аврал эрэн сандран гүйлджээ.

Д.Батмөнхийнх дөрвөн охидтой, өнөр өтгөн айл юм. Том охин нь 14 настай, дунд  охид нь гурав, хоёр настай дэрсхэн охид юм. Хамгийн бага охин нь дөрөвхөн сар гарантай нялх охинтой. Түүний хань бурхан болоод хорь ч хоноогүй байхад энэ золгүй явдал тохиолджээ. Эхнэрээсээ хойш 80 шүргэж яваа ээжийгээ дөрвөн хүүхдийн хамтаар харж байгаа тул ажил хийж чадахгүй байгаагаа учирлаж байсан юм. Тэрбээр барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, хааяа ажлаа тараад таксинд явж гэр бүлээ залгуулдаг аж. Өмнө нь урин дулааны улиралд барилга дээр ажиллаж, заримдаа таксинд явдаг тул боломжийн орлоготой, амьдралд хүрэлцээтэй байдаг байсан гэнэ.

Харин эхнэрийгээ бурхан болсноос хойш хүүхдийнхээ, сүү живхийг тасалчихгүйг л хичээж байгаа гэлээ. Тэрбээр нийслэл хотод 1999 оноос эхлэн суурьшжээ. Тэдний одоо тохилог дулаан орон сууцанд гал голомтоо бадрааж байсан гэнэ. "Хориод жилийн минь хөдөлмөрийн үр шимд бий болсон эд хөрөнгө алга урвуулахын хооронд үгүй боллоо. Гэсэн ч  амьдрал зогсох болоогүй. Охидоо сайхан амьдруулна” хэмээн ярьж байсан Д.Батмөнх монгол түмний итгэлийг алдалгүй хэлсэн амлалтанд хүрэх хариуцлага ийн иржээ.