Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд АТГ-аас цагдан хорьсон ч одоогоор батлан даалтаар гарган гадуур шалгаж байгаа билээ.

Тодруулбал, тэднийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа юм. 

Тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан ч наадмын өмнөхөн хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан юм.

Харин өнгөрсөн сард АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэхдээ "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэргийг шалгахад хугацаа багагүй шаардана" гэх тайлбарыг өгсөн байдаг.

Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар хууль, хяналтынхныг дуудсан цагт нь очиж, байцаалт мэдүүлэг өгч байгаа аж.