Сурах бичиг өнөөдөр нүдний гэм болжээ. Ингэж хэлсний учир нь 97-р сургуулийн 6-р ангийн 40 хүүхэдтэй нэг ангийн дунд 6 сурах бичгийг л сургуулийн зүгээс өгч байна. Харин үлдсэн 34 хүүхэд нь өөрсдөө сурах бичгээ худалдаж авахаар болж байна.  Тэгвэл өнөөдөр сурах бичиг шинэ хуучнаасаа хамаарч  5000-30 000 төгрөгийн үнэтэй байна.

Тухайлбал, ЕБС-ийн 6-р ангийн сурагчдад

1.      Монгол хэл

2.      Математик

3.      Монгол бичиг

4.      Англи хэл

5.      Түүх

6.      Байгалийн ухаан

7.      Мэдээллийн технологи

8.      Дурслэх урлаг

9.      Дизайн, технологи

10.  Дуу хөгжим

11.  Иргэний боловсрол

12.  Уран зохиол гэсэн 12 сурах бичиг хэрэглэж байна.  Энэ бүх номыг шинэ болон хуучин хэрэглэж болохуйцаар нь хольж авахад багадаа 100 000 төгрөг болж байна.  Харин бүх номыг шинээр нь авахад  150 000 төгрөг болж байна.

Тэгвэл улсын сургуульд сурч байгаа амьжиргааны төвшнөөс доогуурх айлын хүүхэд энэ үнээр ном худалдан авах боломжгүй . Салбар хариуцсан яамнаас зорилтод бүлгийн хүүхдүүдийн 40 хувьд нь ном олгоно гэж байгаа ч энэ тоо “лөөлөө” болж байгаа нь зөвхөн дээрх жишээгээр батлагдаж байна.

Салбар хариуцсан яамнаас сурах бичгийг цахим хэлбэрээр сайтад байршуулсан гэж байгаа. Гэхдээ түүнийг нь сурагчид олж хараад хичээлээ хийгээд явах боломж бололцоо хэр бол? Байлаа гэхэд байнга ПС-ний ард суугаад хичээл хийгээд байхаар сурагчийн эрүүл мэнд хэрхэх вэ? Цахим номыг хэвлэх төсөв мөнгө хэд болох бол? Санхүү талаас нь бодох л асуудал. Энэ бол зөвхөн дунд ангийн хүрэлцээ муу байгаа жишээ.

БСШУСЯ-наас сурах бичиг борлуулах дээд үнийг тогтоодог. Яамнаас тогтоосон үнээр бол нэг сурах бичиг дунджаар 2500 төгрөг байдаг нь харьцангуй хямд үнэ ажээ. Гол асуудал нь олдоц муу, олдсон хэд нь 30 000 хүрч байх жишээтэй. Тэгвэл ном ийнхүү дамлаж байгаа үйлдлийг талан зогсоох гэхээр яамнаас нь сурах бичиг дамнуулан үнийг нь хэд дахин нугалан худалдаж байгаа ченжүүдийг зогсоох эрх зүйн нөхцөл байхгүй гэсэн ганцхан үгээр олон жил өөрсдийгөө хамгаалж байна.  Өнөөх дамын наймаачид нь үнэн “даам”. Эцэг эхчүүд өөрийн эрхгүй номын худалдааг зорьж таарна. Номын худалдаанд ном нь “Сургуулийн номын санд олгов. Худалдахыг хориглоно” гэсэн бичигтэй ном зарагдаж байх жишээтэй.

Дэлхийн жишгийг хойд, урд хөршөөрөө жишээлж авч  үзье. Хойд хөршид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сурах бичиг, сурагчдын дасгал ажлын дэвтэр болон сургалтын бусад хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр ашиглуулах хууль 2016 оноос хэрэгжиж байна. Урд хөрш БНХАУ-д өөрийн улсын иргэн сурагчдаа сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж, харин гадаадын харьяат бол үнийг нь төлүүлдэг ажээ.

Номын хүрэлцээний асуудал  бол  боловсролын салбарт үүссэн эртний танил асуудал.  Ядаж ийм анхан шатны асуудлаа сайд минь шийдээд өгөөч. Шийдэж чадахгүй бол савнаасаа халиад байгаа энэ асуудлыг дундлаад өгөөрэй.