Монголын Ардчилсан Холбоо 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан анхны цуглаанаас гаргасан өргөх бичигтээ "...Намаас төр, засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоох...", эрх зүйт төр байгуулахыг шаардсан билээ.

Түүнээс хойш 29 жил өнгөрч, 1000 орчим хууль батлагдсан ч олон жил эрх барьсан МАХН (МАН) жинхэнэ эрх зүйт төр, хуулийн засаглал байгуулах явцыг санаатайгаар гуйвуулж, саармагжуулж ирсэн бөгөөд улмаар Монголын төрийг албан тушаал наймаалцагч, танил алын (клиенталист) засаглалын тогтолцоонд гүнзгий хутгалдууллаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлыг ноцтойгоор сулруулсан, эвлэрч болшгуй сөрөг үзэгдэл мөн.

Төрийн албыг нүсэржүүлж, хунд сурталжуулах, найз нөхөд, дагагсад, садан төрлийн холбоот бүлэглэл болгон хувиргах, албан тушаалыг арилжаалах эхлэл МАН-ын дарга асан Н.Энхбаярын засаглалын жилуудэд 2000 онд анхлан тавигдсан байдаг. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулж 10 сая төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж батлуулсан. "Тойргийн мөнгө" нь цаашдаа 2005 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2010 онд 1 тэрбум төгрөгт хүрч өсөж байлаа. Хуулийн засаглалыг уландаа гишгэсэн, албан тушаалыг мөнгөжүүлэх гэсэн энэ үзэгдэл цаашид ямар ноцтой түвшинд хүрч хөгжин цэцэглэснийг 2016 оны сонгуулиар шүгэл үлээгч Г.Доржзодовын илчилсэн "60 тэрбумын хэрэг" нийгэмд тод томруунаар харуулсан билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Монголын Ардчилсан Холбоонд хаягласан гүтгэлэгт ч 60 тэрбумын хэргийг хаацайлах, барьцах сэдэл ажиглагдаж байгаа нь харамсалтай. Тэрбээр 2018 оны 9 дугээр сарын 19-нд 25-р суваг ТВ-ийн "25 цаг" нэвтрүүлэгт өгсөн тодруулга ярилцлагадаа "...Зам тээврийн яаман дээр хүний аминд халдсан хүнийг улс төрийнх нь угшлаар хөөх юм бол Ардчилсан нам, МоАХ фракцийн хүн байна лээ шд" хэмээн Зам, тээврийн яамны газрын дарга асан Б.Махбалыг МоАХ-ны гишүүн байсан, тэндээс төрийн албанд томилогдсон гэх утга бүхий мэдэгдэл хийлээ.

Бодит үнэнийг дуулгахад: Иргэн Б.Махбал нь МоАХ-ны гишүүнчлэлд огт хамрагдаагүй, манай аль ч үеийн бүртгэлд байхгүй хүн байна.

Лавлаваас, МоАХ-ны дарга Х.Баттулгыг 2008 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдохоос өмнө төрийн албанд орсон, 2007 оноос Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнийн удирдлагын багт хамаарч байгаад Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам болон өөрчлөгдөхөд түүнийг дагаж ирсэн албан тушаалтан болох нь лавлах баримтуудаар нотлогдсон тул сайд Ц.Нямдоржийн баримтгүй гүтгэлгийг МоАХ энэ мэдэгдлээрээ албан ёсоор няцааж байна.

Хуулийн засаглалыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамыг толгойлж буй сайд Ц.Нямдоржийн зүгээс шүүх, хуулийн засаглалын тулгуур зарчмуудыг ноцтойгоор үгүйсгэх, үе үе МоАХ-г худал мэдээлэл, гүжир гүтгэлэгтээ хавчуулж гутаахыг оролдож ирснийг сануулж, баримт нотолгоогүйгээр гүтгэн харлуулах ажиллагаагаа зогсоож, хэвлэлээр дамжуулан уучлал гуйхыг хатуу шаардаж байна.