Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдөр, Нийслэлийн Ахмадын хорооны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн ахмадын хорооны дарга Т.Дашням, Нийслэлийн ахмадын хорооны дэд дарга М.Болд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөгийн нийгмийн хөгжлийн бат бэх суурийг та бүхэн өндөр технологи, өнгө мөнгөөр бус эх оронч зүтгэл, монгол хүний мөн чанар, халуун сэтгэл, бүлээн хөлсөөрөө бүтээж залуу үе биднийг дэлхийн өнцөг булангийн хаана ч явсан тусгаар тогтносон Монгол улсын иргэн гэж бахархалтайгаар хэлэх бүтэн монголыг гардуулж өгсөнд бид үргэлж бахархалтай явдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ахмад буурлуудынхаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр гаргаж байгаа олон санал санаачлагыг дэмжин хамтран ажиллахын зэрэгцээ нийслэлийн ИТХ-ын дэргэд ахмад мэргэжилтний орон тооны бус салбар зөвлөлийг байгуулан ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ажил амьдралын дадлага туршлага, ухааны ур чадвар, сэтгэлийн хат суусан ахмадууд та бүхний минь зөвлөмж, зөвлөгөө эх орны ирээдүй болсон энэ цагийн залуу үеийнхэнд ус агаар мэт хэрэгтэй байгааг энд зориуд тэмдэглэн хэлье” гэлээ.

Мөн Нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл болсон ахмадуудад шагнал гардуулж, ахмадын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүллээ.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ