-Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулж, дахин 2070 хүүхэд гэртээ үлдэнэ-

“Монгол Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах насны 146 мянган хүүхэд байгаа. Тэдний 114 мянгыг цэцэрлэгт хамруулах боломжтой, үлдсэн 30 орчим мянган хүүхдийг ирэх жил бүрэн хамруулна” гэж салбарын сайд Ц.Цолзолмаа хэлсэн.

Харин хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон 73 мянган хүүхэд өнөө жил цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдсэн гэв. Гэртээ цоожлуулж үлдсэн эдгээр хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүйн дээр, ямар нэгэн золгүй тохиолдлын золиос болох эрсдэлд ойрхон байна.

2016, 2017 оны байдлаар 17 мянга орчим хүүхэд “хүүхэд харах үйлчилгээний төв”-д хамрагдаж, сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшсэн байна

2016, 2017 оны байдлаар 17 мянга орчим хүүхэд “хүүхэд харах үйлчилгээний төв”-д хамрагдаж, сургуулийн өмнөх насны боловсрол эзэмшсэн байна. Улмаар энэ онд 5.8 тэрбум төгрөгийг эдгээр төвийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулж байна. Гэвч ирэх жил төр хүүхдүүдээс гар татаж, уг үйлчилгээний төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр хасчээ. Ингэснээр 2070 хүүхэд шууд хасагдах нөхцөл бүрдэв. Та бүхэн энэ хүүхдүүдийг хаашаа оч гээв ээ. Хэрэгжиж эхлээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ үйлчилгээний ач холбогдол ийм хурдан сарних юм гэж хэн төсөөлөх билээ. Шинэ тутам хөгжиж буй тус салбарт ч төсвийн энэ таналт том цохилт болж байна.

Төрийн үүргээс үүрэлцэхийн зэрэгцээ, 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж буйг нь үл тоолоо гэхэд хүүхэд хамгааллын бодлого хаачих вэ. Олон мянган эцэг, эх хүүхдэдээ уягдан гэрийн “хорионд” орж өрхийн амьжиргаа нь буурсаар байгааг арчаагүй төрийн алагчилсан бодлого гээд орхиё. Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын талаар төрийн тэргүүнээс эхлээд өдөр тутмын сонины холбоо, хэвлэл мэдээлэл хангалттай халаглаж, харамссаар атал бодлого боловсруулагч, төсөв тооцоологчид сэтгэлгүй хандаж байна.

1994 оноос Монголд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийг ивээх сангаас Засгийн газарт хүүхдийн төлөө зориулах төсөв, хөрөнгөө нэмэгдүүлж, ялгаатай орлоготой, амьдралын чанар нь өөр орчинд амьдарч буй бүх хүүхдийг эсэн мэнд амьдрах тэгш боломжоор хангах ёстой гэсэн зөвлөмж өгдөг. Өнгөтэй, өөдтэй бүхнээ хүүхдэд зориулж, ирээдүйн иргэдээ хамгаалах үүргийг өрх гэр төдийгүй бусад улс орон ягштал баримталдаг байхад манай төрийн түшээд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хүүхэд хамгааллыг “За яах вэ” гээд орхиж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхэд харах үйлчилгээнд 11.8 мянган хүүхэд хамрагджээ

Энэ жилийн төсөвт гишүүн бүрт таван тэрбум төгрөгийн лимит олгож тойрогтоо зарцуул хэмээн “баантаглаж” буй тухай мэдээ төрийн ордноос дуулдаж эхэллээ. Ашиг сонирхол ханхалсан энэ төсвийг жаалуудаас харамлаж, жалга довны зүйлд зарлагадсан гэж хардахаас өөр арга алга. Нөгөө “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэдэг тунхаг бүр цаашлан одлоо. 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зорилтот түвшнийг нийт хүүхдийн 3.5 хувь байхаар тогтоож байжээ. Ирэх жил энэ тоог 4.5 хувьд хүргэнэ гэж дэвшүүлсэн байх юм. Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны төсвөөс дөрвөн тэрбумыг хасаж, хүүхэд харах үйлчилгээний мөнгийг бараг хоёр тэрбумаар бууруулчихаад хөөрцөглөөд байгааг ойлгохгүй байна.

Сангийн яамныхан 2019 онд 143 цэцэрлэгийн шинэ барилгын ажилд 144.4 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөснөө “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр бараг биеллээ гэж хөөрцөглөж байгаа бололтой. Энэ ажил 2020 онд бүрэн биеллээ олох боломжтой гэдэг нь манай орны нөхцөл, төрийн үйл ажиллагааны хурдаас илэрхий шүү дээ. Гайхамшгийг үзүүлж ашиглалтад орлоо гэхэд бүх хүүхдийг хамарч чадна гэдэг юу л бол. Нөгөөтэйгүүр, тэр болтол хүүхдийн аюулгүй байдлыг золиослох эрх төрд бий гэж үү. Харах хүнгүйгээс, эсвэл гэртээ цоожлогдсон айлд тавиул болсон хүүхдүүд түлэгдэж, шатаж амь насаа алдсан эмгэнэлт явдал тасрахгүй байна.

Ахуйн осол гэмтэлд өртөх хүүхдийн тоо ч буураагүй. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй бага насны хүүхдүүд голдуу сургуулийн насны ах, эгчийн мэдэлд үлддэг нь Монголын нийтлэг дүр зураг. Хүүхэд л хойно анхаарал, сэрэмж алддаг. Утас, телевизэд хэтэрхий автсанаас бага насны хүүхдээ халуун тогоонд үйчихсэн хариуцлагагүй эцэг эх олон байхад дүүгээ харж үлдсэн хүүхдүүд гэнэдэх нь аргагүй.

ГССҮТ-д ахуйн түлэгдэлтээр 4059 хүн яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна

ГССҮТ-д ахуйн түлэгдэлтээр 4059 хүн яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна. Тоон мэдээгээр тав хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 14.4 хувийг ахуйн түлэгдэлт эзэлж байгаа бөгөөд 77 хувь нь халуун хоол цайнд, 23 хувь халуун усанд түлэгдсэн байжээ. Үүнээс гадна цонх, тагтнаас хүүхэд унаж нас барсан тохиолдол энэ онд гэхэд л арав гаруй бүртгэгджээ.

Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар эндэж байгаа хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 1990 онд 12 сая байсан бол 2016 оны байдлаар 4.2 сая болон буурчээ. Энэ нь хүүхэд хамгааллын чиглэлээр хөрөнгө мөнгө, идэвх санаачилга харамгүй гаргасны үр дүн. Гэтэл манай улс сургуулийн өмнөх насны хүүхдийн ахуйн эндэгдлээс салаагүй л байна. Үүнд чухал нөлөө үзүүлж байсан хүүхэд харах үйлчилгээг төрөөс хавчиж эхэлсэн нь тоон үзүүлэлтийг нэмж ч мэднэ. Энэ сарын 23-нд 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах, аюул эрсдэлгүй орчинд өсч бойжих олон улсын эрхийн өдөр тохионо. Монголчууд энэ өдрийг төр нь бодлогоосоо буцсан, төсөв нь мөнгөө харамласан байдалтай угтах нь.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ