Цахим  орчинд тэр тусмаа Фэйсбүүкт лайк дараад өгөөч, энэ хүнийг репорт хийгээд өгөөч гэсэн линк бүхий хүсэлт ирдэг. Тэрхүү линкээр орвол  дахин Фэйсбүүк нэр, нууц үгээ хийх самбар гарч ирдэг бөгөөд энэ нь нэг төрлийн  урхи юм. Өөрөөр хэлбэл линкээр орвол таны хаяг устах эрсдэлтэйг анхааруулж байна. Монголд яг ийм хэргээр ял авсан тохиолдол гарсан бөгөөд сэрэмжлүүлэг болгох зорилгоор уг хэргийг хүргэж байна.  

 

Монгол Улсын иргэн, 1996 онд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өргөө 2 кино театрт үйлчилгээний ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт Сонгино хайрхан дүүрэгт амьдардаг иргэн Н.Т нь бусдыг залилж Фэйбүүк хаягийг нь хакерддаг байжээ.   Тодруулбал,  

·         2017 оны 04 сард А.А, 2017 оны 06 сарын 10-ны өдөр У.Б,

·         2017 оны 08 сарын 19-ний өдөр М.Т,

·         2016-2017 оны хооронд Ц.З,

·         2017 оны 08 сард А.И,

·         2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Э.Чнарын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж Фэйсбүүк дэх мэдээллийг өөрчилсөн, засварласан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерын системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсны улмаас дээрх иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийг үйлдсэн байна.

Тэрбээр хакердаж авсан хаягуудаа ашиглаж цахим тоглоомын хувцас бусад хэрэгсэл буюу айтем зарна гэж бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 07 сард Б.... 130,000 төгрөг, 2017 оны 09 сарын 27-ны өдөр С....аас 650,000 төгрөг, 2017 оны 04 сарын 26-ны өдөр А....аас 70,000 төгрөг, 2017 оны 08 сарын 24-ний өдөр Н....аас 200,000 төгрөг 2017 оны 08 сарын 21-ний өдөр Н....гаас 820,000 төгрөг тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн  байна.  

Тэрбээр энэ хэргээ нарийн бодож олсон байдаг бөгөөд мөрдөн байцаалтын явцад “ ... сайт ашиглаж бусдын мэдээллийг хууль бусаар авч болно гэдгийг мэдсэн. Тэгээд 2014 оны 04 дүгээр сараас хойш ….. гэх  сайтыг ашиглаж сайт үүсгэн, уг сайтын линкээ фейсбүүкийн хэрэглэгчид рүү явуулж, нэвтрэх нэр, нууц дугаарыг нь хуулбарлан авсан, Ингэхдээ би ихэнхдээ эмэгтэй хүний хаяг шинээр нээгээд фейсбүүк хэрэглэгч нартай найз болж байгаад тэр хаягаасаа сайтын линкээ явуулж хүмүүсийн мэдээлэл олж авсан, дараа нь олж авсан хаягуудаасаа мөн хүмүүсийн хаяг руу   сайт явуулж байсан. Би 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хүмүүсийн фейсбүүк хаягийг хууль бусаар авсан гэж хэргээ хүлээж байна.” Гэж мэдүүлжээ.

Тэрбээр хүмүүсийн хаягыг  хакердсаныхаа дараагаар интернетийн Дота2, CS Go тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүмүүстэй холбогдож, найдвартай, фейсбүүкийн жинхэнэ хэрэглэгч гэдгийг нь нотлох зорилготой байжээ. Энэ талаараа  “ хакердсан хаяг нь жинхэнэ хүний хаяг гэдгийг нотлоод иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн зураг үзүүлэх зэргээр хэрэгсэл зарахаар тохиролцоод мөнгийг нь урьдчилж шилжүүлж аваад хэрэгслийг нь өгөхгүйгээр залилсан, ингэхдээ дансны дугаараа нууцлах, хэн авч байгааг нь мэдэгдүүлэхгүй байх зорилгоор өөр тоглоомын хэрэгсэл зарж байгаа хүнтэй зэрэг чаталж хэрэгслийг нь худалдаж авахаар тохиролцож дансных нь дугаарыг аваад надаас хэрэгсэл авна гэж бодоод мөнгөө шилжүүлж байгаа хүмүүст өгч тэр хүмүүсийн мөнгийг өөрөө хэрэгсэл худалдаж авахаар тохиролцсон хүний данс руу хийлгээд тэр хүнээс хэрэгслээ шилжүүлж авдаг байсан, ингэснээр би надад залилуулж байгаа хүмүүсийн мөнгийг тоглоомын хэрэгсэл хэлбэртэй болгоод өөрөө авчихсан гэсэн үг юм. Тэгэхээр надад хэрэгсэл зарсан, надаас хэрэгсэл авна гэж мөнгөө шилжүүлсэн хүмүүсийн хэн нь ч намайг танихгүй үлдсэн гэсэн үг байгаа юм. Тэгээд өөрөө хүний мөнгөөр худалдаад авчихсан тоглоомын хэрэгслүүдээ өөр хүнд зараад мөнгийг нь өөрийнхөө дансаар шилжүүлж аваад ашигладаг байсан. Миний залилан авсан мөнгийг шилжүүлэн авсан данснуудыг шалгавал дандаа л интернетийн Дота2, CS Go тоглоомын хэрэгсэл зардаг хүмүүсийн данс байгаа гэсэн үг юм, мөн ганц хоёр удаа АТМ-н ойролцоо зогсож байгаад мөнгө авах гэж байгаа хүмүүсээс дансаа түр хэрэглүүлээч гэж гуйгаад дансаар нь мөнгө шилжүүлэн авч ашигласан тохиолдол байгаа” гэж мэдүүлжээ.  

Бусдын  Фэйсбүүкийг хакердаж, өөрийгөө хэзээ ч баригдахгүй хэмээн бодож байсан эрийн энэ үйлдэл баригдсан. Хэд хэдэн удаагийн үйлдэл нь түүний ялыг улам бүр хүндрүүлсэн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тиймээс  Н.Т-ыг 6 000 000 төгрөгөөр торгох шийдвэр шүүхээс гаргасан байна.  

Цахим орчинд үйлдэгдэж байгаа хэргийн арга нь улам бүр нарийсч байгаа энэ цаг үед танихгүй хүнийг найзаараа бүртгэхгүй байх. Бүртгэсэн тохиолдолд элдэв линк рүү хамаагүй орохгүй байх, цаашлаад өөрийн хувийн мэдээлэл бүхий  бичиг баримтын зургийг чатаар явуулахгүй байх зэрэгт анхаарах шаардлага  байгааг анхаарна уу. Эс бөгөөс цахим хаягаа хакердуулсан л бол таны бүхий л мэдээлэл алдагдаж, таны хаягийг ашиглах дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Тиймээс та болон орй тойрныхондоо цахим аюулгүй байдлын талаар зааж өгөх, сургалт авах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.