Яам, агентлаг болгонд тохирооны хүн, шахааны дарга нар байгаа нь нууц биш. Аль ч намынх байсан Засгийн газрын малгайд багтсан л чиг шугамынхаа дагуу өмнөх ажлаа хийгээд явах нь чухал.

Гэтэл төрийн өндөр албан тушаалд оччихоод намын бодлого ярьдаг хүн олон болжээ. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян энэ зөрчлийн салхийг хагалсан хүний нэг. Одоогоос хоёр жилийн өмнө Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор Интерполоос эрэн сурвалжилж байсан Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг хайхаа зогсооно уу гэсэн агуулгатай албан бичгийг Интерполд илгээсэн нь шуугиан дэгдээж байв. Хуульзүй гэх том салбарын удирдах албан тушаалтан намынхаа үүрэг даалгавраар төрийн албан тушаалыг урвуулан ашигласан хэмээн түүнийг хууль хяналтынхан шалгаж, нэг хэсэгтээ хэвлэлийн од болов. Угтаа бол тэр хууль зүйн салбарын шинэчлэлийг түүчээлэн оролцож од болох ёстой хүн. Гэтэл Хууль зүйн дэд сайд нь хууль зөрчлөө хэмээн хэвлэлээр цоллуулж, АТГ-т шалгуулж явсан удаа бий. Улс төрийн намын шахааны хүн салбартаа ямар их шавар хаадгыг бэлхнээ харуулсан хэрэг энэ болов. Удалгүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Интерполд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлнэ үү гэсэн албан бичгийг явууллаа. Цаад байгууллага нь мэл гайхсан биз. Дэд сайд нь “Битгий хай” гэж захидал бичээд араас нь салбарын сайд нь андуурал байсан юм “Хайгаад өгөөч” гэж гуйгаад л. Хууль зүйн яам хоёр толгойтой байгаагийн тод жишээ. Олон улсын төвшинд үүнийг нэг яамны асуудал гэхээсээ Монголынх гэж харна.

Намын тохиролцоогоор зөөлөн суудалд заларсан хүн ашиг сонирхлын зөрчилтэй байх нь тодорхой Тиймээс ч Э.Эрдэнэжамъян сайд “Би МАХН-ын гишүүн. Энэ намын нэрийн өмнөөс Хууль зүйн дэд сайд болсон. Сайд боллоо гээд Н.Энхбаяр даргын хилс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Ирэх дөрвөн жилд тэмцсээр байх болно” хэмээн 2012 оны аравдугаар сарын 30-нд хэвлэлийнхэнд ярьсан байх юм. Намын нэрээр хууль зүйн дэд сайд болсон нь үнэн. Гэхдээ энэ нь дөргүй бух шиг нам, намын дарга гэж зөрүүдлэхийн нэр биш байлтай. Дөрвөн жилийн хугацаанд эрхэм сайд маань намын даргынхаа төлөө тэмцэх юм бол төрийн ажил яах болж байна. Хууль зүйн шинэчлэлийн хүрээнд хуулийн олон төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байгаа. Э.Эрдэнэжамъян сайд үүнд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй. МАХН-ын улс төрийн дотоод амьдралын талаар хэвлэлд ярилцлага өгснөөс биш Гэмт хэргийн хуулийн талаар амаа хаттал ярьсныг нь санахгүй байна. Дэд сайд болонгуутаа намын даргаа өмөөрч Хууль зүйн сайдтайгаа түнжин хагарсныг сонссоноос хуулийн төслөөс болж маргалдлаа гэж дуулсангүй. Уг нь хууль зүйн салбарын шинэчлэлд мэргэжилтнээс эхлээд сайд хүртэл гар бие оролцох ёстой. Гэтэл дэд сайд нь байнга л намынхаа эрх ашгийн үүднээс “тэнэг” үйлдэл хийгээд байх утгагүй. Манайд улстөржилт хэрээс хэтэрсний илрэл энэ. Намын нэрээр албан тушаалд очсон учраас намдаа үйлчлэх ёстой гэсэн муйхар бодолтой дарга нар хаа сайгүй байна. Ингэхийг ч цаанаас нь шахаж шаарддаг бололтой юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал болж Э.Эрдэнэжамъян сайд өргөдлөө өгөхдөө тулав. Учир нь намын нөхөд нь Н.Энхбаяр даргын нөлөөгөөр дэд сайд болчихоод намынхаа төлөө дуугарахгүй байна гэж шахсан байна. Тиймээс хэвлэлээр сайн муугаар баахан шүршүүлсэн Э.Эрдэнэжамъян сайд намын нөхдөдөө тунирхаж “Сайдын суудалтай зууралдаад байх шаардлага алга. Өргөдлөө өгнө” хэмээн бухимдсан. Интерполд захидал илгээж, Х.Тэмүүжиний үүдийг сахиж ажилд ороогүй гэж томорсон дэд сайд одоохондоо түүнээс өөр гараагүй байна. Дэд сайд нь төрийн бодлогоос давсан эрх мэдэлтэй байдаг ийм гажиг тогтолцоо манайхаас өөр оронд үйлчилдэг болов уу. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Б.Пүрэвдорж оны өмнөхөн

“Монголын эдийн засаг сул дорой байхад эх орноо орхиж явчихаад сайжрахаар эргээд ирсэн хүмүүст би хүнд суртал гаргана” гэж нэгэн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан нь олны бухимдлыг төрүүлсэн. Хариуцлагагүй хэлсэн үгнийхээ төлөө иргэдээс албан ёсоор уучлал гуйж байгаагаа тэрбээр мэдэгдсэн. Нэг иймэрхүү ам, ажлын зөрүүтэй төрийн бодлогоос илүүтэй хувийн үзэл бодол, намын эрх ашгийг боддог албан тушаалтнууд манайд бишгүй их болж. Тэд үүнээсээ ичихгүй бүр олон нийтэд зарлаж явах юм. Чухамдаа бол Хууль зүйн дэд сайд маань “Намын даргынхаа төлөө тэмцэнэ” гэж албаны өрөөндөө олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласандаа уучлал гуйх ёстой. Мэдээж хувь хүний үзэл бодлыг хэн ч хаах эрхгүй. Гэхдээ аливаад зааг хязгаар гэж юм байдаг даа. Юутай ч Э.Эрдэнэжамъян сайд өнгөрсөн гурван жилд төрийн ажлаас илүүтэй намын даргынхаа төлөө чадах чинээгээрээ зүтгэсэн. Учир нь, МАХН-аас Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсон Н.Удвал намын даргаа хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэхийн тулд Нийслэлийн прокурорын газраас 2002 онд баталсан “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно” гэсэн журмыг хүчингүй болгохоор Хууль зүйн яаманд албан бичиг явуулсан. Үүний дараахан Э.Эрдэнэжамъян сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт намын даргаа хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэхийг шаардсан албан бичиг явуулсан нь Х.Тэмүүжинтэй дахин зөрчилдөхөд хүргэв. Хууль зүйн сайд үүнийг “Дэд сайдад олгогдоогүй эрх мэдлийг эдэлсэн” хэмээн тайлбарласан юм. Намын үүрэг даалгавраа төрийн ажлаас түрүүнд тавьдаг шахааны албан тушаалтнууд цаашид ч төрийн ажилд тээг тавьсаар байх уу. Намдаа ухаангүй хайртай дарга нараар яамны биш намынх нь ажлыг хийлгэвэл дээрсэн.
 

Ц.ОЮУНТУНГАЛАГ