Монголчууд 22 жилийн өмнө шинэ Үндсэн хуулиа баталж байсан. Үүнээс хойш долоон өөрчлөлт оруулснаас өөрөөр засвар хийгээгүй. Тэгвэл сүүлийн үед улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж ярих болсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн , хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаад хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Энэ ажлын хэсгийн гишүүний хувьд өөрийн санаа бодлоо хэлж байна. Юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг тогтоохоос манай ажлын хэсгийн ажил эхлэх ёстой юм.

Нэмэлт, өөрчлөлт оруулбал ямар хүрээнд оруулах вэ гэдэг хязгаараа оношлон тогтоох шаардлага гарч  байна. Үүн дээр олон улсын байгууллага, манай судлаачдын баг гарч ажиллаж эхэлсэнд талархаж байна.  Ер нь Үндсэн хууль 15-20 жил болоод өөрчлөгдөж сайжирч байх ёстой. Нийгмийн хөгжлөө дагаад тэр. Гэхдээ шинэчлэл өөрчлөлтийг бодлогогүй хийж огтхон ч болохгүй. 1999-2000 онд хийсэн долоон өөрчлөлтийн зарим нь үлдэхээс эхлээд  УИХ, Засгийн газрын хамтарсан “давхар дээл”-ийг “дан дээл” болгохоор гарцаагүй эргэж харах зүйл бол бий. Юуны өмнө, Үндсэн хуулиа өөрчилнө гээд дайрахаас өмнө үүнийгээ засах ёстой" гэж ярьж байсан.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах долоон өөрчлөлтийг хүчингүй болгох тухай асуудалд улс төрийн намууд тохиролцолд хүрч чадалгүй асуудлыг хойш тавьсаар байгаа. Тэгвэл эрх баригчид үндсэн хуулийг өөрчлөх ажлыг энэ онд шуурхайлахаар тохироонд хүрсэн аж. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг тогтоох ажлын хэсгийн гишүүн

УИХ-ын дэд дарга Л.Цог: "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн. Хамгийн эхэнд 1999-2000 онд оруулсан Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон долоон нэмэлтийн зөв, бурууг ялгах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэц нэгэнтээ хүчингүй болгосон байхад үг, үсгээр буцаагаад оруулсан шүү дээ. Үүнийг л ярих ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг түрүүчийн УИХ батлахдаа “Тийм зүйл ангийг хөндөхгүй шүү” гээд маш нарийн заагласан. Иймээс хамгийн түрүүнд энэ долоон өөрчлөлтийг ярих болж байгаа юм. Яах вэ, бүхэлд нь өөрчилье гэвэл 1990 онтой адилхан Ерөнхийлөгчөөр ахлуулсан улсын комисс ажиллуулах ёстой. Ямар өөрчлөлт хийх үү гэдгээ гаргах ёстой. Яривал олон өөрчлөлт байна. Тухайлбал, Парламентыг хоёр танхимтай болгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болгох тухай ярия гэвэл ард түмний санал хураалтаар үүнийг шийднэ. Нөгөө талаас улс төрийн бүх намууд ярилцаад нэгдсэн ойлголттой болох зэрэг хоёр салаа зам байна. Энэ болтол нэлээд хугацаа шаардлагатай.

Үүнийг хийх боломжийг 2014 он олгоосой билээ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хүрээний суурь шинэчлэл, эдийн засгийн хүрээнд байгалийн баялаг ард түмний мэдэлд очих жил 2014 он байгаасай гэж хэлэх байна. Мэдээж хийх ёстой өөрчлөлт бүрийг яривал олон байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийг улс төрийн зорилгоор ашигладгийг нь зогсоохын тулд Дээд шүүхийн бүрэлдэхүүнд оруулъя гэдэгтэй санал нэгдэнэ. 1992 онд ч гэсэн энэ талаар ярьж л байсан. Хэрэв шүүх утгаараа ажиллаж чадахгүй олонхи болсон улс төрийн хүчний шийдвэрийг хамгаалдаг байвал дангаараа байгаад хэрэггүй. УИХ-ын гишүүний нас өнөөдөр 25. Энэ насны доод хязгаарыг өөрчлөх ёстой.

Дөч хүрсэн эр, дөрөө тарсан ат гэж үг бий. Амьдралын туршлагатай, сайн мууг ялгах насны хүн төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах ёстой. Ялангуяа, бэл бэлчинтэй хүмүүсийн үр хүүхдүүд мөнгөний хүчээр УИХ-д орж ирдэг хандлага их байна. Энэ бол маш аюултай алхам. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн насыг хүртэл бодох ёстой. Төрийн тэргүүн хүн аливаа юманд хууртахгүй, няцахгүй хэмжээний буурь суурьтай хүн байх ёстой. Тэгэхгүй бол 1990 онд байсан үе өнөөгийн нөхцөл байдалтай адилгүй. Ингээд яривал олон зүйл байгаа" гэв.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгын дор дордсон долоон өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Үүнийг хийх боломжийг 2014 он олгоосой билээ гэж бодож байна гэж хэлсэн нь давхар дээлийг дан болгох, засаглалд дахин хуваарилалт хийх хүсэл байгааг илтгэсэн хэрэг явдал болж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших насыг дахин бодолцох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлээд авсан.

Дээрх Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор гаргасан санал дүгнэлтээ удахгүй эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Ийнхүү энэ хаврын улс төрд Үндсэн хуулийг тойрсон томоохон маргаан мэтгэлцээн өрнөх нь гарцаагүй болж байна. Хэдийгээр АН, Шударга ёс эвсэл дээр дээрх тохироонууд хийгдсэн ч МАН-ын оролцоогүйгээр Үндсэн хуульд гар хүрэх боломжгүй. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт нийт гишүүдийн 3/4- р батлагдаж хүчин төгөлдөр болох учиртай. Харин МАХН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлт болоод, Засгийн газрын цаашдын хувь заяаны асуудлыг даргатайгаа зөвшилцөн шийдвэрлэхээр Сөүлийг зорих болсон юм.

Х.Даваа