Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Цэвэр агаар” сангийн  дарга асан Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд өнгөрсөн сарын 28-нд болох байсан ч шүүгдэгч М.Хулангийн өмгөөлөгч Б.Энхзаяа  шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 52 дугаар зүйлд зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд татгалзлыг хүлээн авах эсэх асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэдэг тул шүүх хурал ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан билээ.

Тэгвэл "Цэвэр агаар" сангийн экс удирдлага Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр татсан хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөө өглөө 09.30 цагт эхэллээ.

Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан аж. “Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан энэ хэргийг эргэн сөхвөл, Н.Хүрэлсүх нар нь “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ийн дансаар, 21.440 сая төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара “ ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд  240 сая төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь мөрдөн  байцаалтын явцад тогтоогджээ.

Х.Даваа