"8-дахь гариг" төв Ихрүүдийн холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Ачлалт буянт ээж” шагнал гардуулах үйл ажиллагаа 25-дахь жилдээ “Ааваараа бахархана” ачлалт буянт аавд шагнал гардуулах үйл ажиллагаа 15 дахь жилдээ ирэх гуравдугаар сарын 1-нд болох гэж байгаа юм.

Энэхүү арга хэмжээний талаар "Монголын ихрүүд"-ийн холбооны тэргүүн, "8-дахь гариг" чөлөөт цаг төвийн тэргүүн МУСТА Ч.Үржинбадамаас тодрууллаа.  "Энэ жилийн баярын онцлог гэвэл манайх анх “Ээжийн бүүвэйтэй хорвоо”,  8-дахь гаригаас найман ээжийн баяр гээд эхлэж байсан үйл ажиллагаа маань дэлгэрээд олон ээж, аавуудыг баярлуулж ирсэн. Харин дандаа аавуудыг орхигдуулаад байна гэсэн санал ирсэн учраас сүүлийн 15 жил аавуудыг баярлуулдаг байсан бол сүүлийн 3 жилд гэр бүлийн баяр гэж тэмдэглэх болсон байгаа.

Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ээжтэй бас хадам ээжтэйгээ ч гэдэг юм уу, хоёр ээж, хоёр аав нь хамт энэ сайхан баярт ордог гэр бүлээрээ хамт нэг удаа хамтдаа баяраа сайхан тэмдэглэх болсон. Ингэж бүгдээрээ хамт аав, ээжүүдийнхээ гаргасан амжилт, хөдөлмөрөөр бахархаж нэг өдрийг хамтдаа өнгөрөөдөг.

Хүмүүсээс санал ирүүлсэний дагуу энэ жилийн баяраар анх удаагаа “Дархан бэр” шагналыг гардуулах гэж байгаа. Ихрүүдийн холбоонд 3 хүү төрүүлсэн бэрийг маань алдаршуулж өгөөч гэсэн саналыг ирсэн юм. Энэхүү саналыг хүлээж авсан.

Бидний 25 жилийн түүхэнд УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Арвин, урлаг соёлынхноос Д.Сосорбарам, “Хурд хамтлаг”-ийнхан, “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан тамирчдаас Цагаанбаатар, Эрдэнэт-Од, Мөнхбаатар аварга гээд олон сайхан алдартнууд маань аав, ээжтэйгээ оролцдог байсан. Эргээд энэ түүхээ харахад одоогийн байдлаар хөдөлмөрийн баатар 8 мөн 16 гавьяат ээж, аавтайгаа оролцсон сайхан уламжлалт баяраа хийх гэж байгаатай баяртай байна.

Манай ихрүүдийн баярын өдрөөр ихэр хүүхдүүдийг өсгөж бойжуулсан аав, ээж, эмээ, өвөө нарыг бас баярлуулдаг. Мөн тэр хүмүүсдээ энэхүү шагналыг гардуулдаг уламжлалтай.

Энэ дашрамд дуулгахад, ихрүүдийн баярын үйл ажиллагаа маань сумдууд руу очсон байгаа. Одоо ирэх сарын 6-нд Чойр, Ховд аймагт ихрүүдийн баяраа хийх гээд нэлээн өрнүүн эхэлж байна" гэлээ.

Тус төвийн энэ жилийн баярын үйл ажиллагаанд олон алдартай хүмүүс оролцох гэж байгаа юм байна. Ингээд "Ачлалт буянт" аав, ээжүүдийнхээ төлөөлөн болсон эрхэмүүдийн сэтгэгдлээс хуваалцснаа уншигч та бүхэндээ хүргэе.

Хөгжмийн зохиолч, яруу найрагч М. Хунлууз “Өнгөрсөн жил Хөвсгөл аймагт тойрон аялалаар явж байгаад Сүхбаатар хөлөг онгоц дээр миний төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэж байсан. Тэр гоё мөчид Ч.Үржинбадам тэнд хурсан олонд өөрийнхээ явуулдаг үйл ажиллагааг танилцуулж их хөгжилтэй зүйлсийг ярьж олныг баясгасан юм. Төрсөн өдрийн баярын бэлэг болгож урилга өгсөн. Тэр урилгыг хүлээн авсан. Дархан хотоос өнөөдөр ирчихээд гуравдугаар сарын 1-нд болох арга хэмжээнийхээ заавар, зөвлөгөөг авч явна.

Манайх Хишигжаргал, Оюунжаргал, Мөнхжаргал, Саяжаргал, Болоржаргал гээд зургаан хүүхэдтэй. Миний отгон охин Саяжаргал СУИС-ийг төгссөн дуучин охин. Би яруу найргийнхаа хажуугаар нэг хувийн бизнес эрхэлдэг. Урлаг, үйлдвэрлэл хоёрыг зэрэгцүүлж хөдлөөд 40 гаруй жил Дархан, Сэлэнгийнхээ нутагт амьдарч байна даа” гэлээ.

СХД-ийн 3-р хорооны буурай н.Намсай “Би 5 наснаасаа эхлээд бие биелэгээ хийж байсан. Тэгээд энэ 3-р хороондоо 40, 50 жил амьдарч байна. Урлагийн наадам хаана зохиогдоно тэр болгонд орж биелэгээ хийж явдаг. “Ардын авьяастан” алтан медаль, ахмадын хорооны Г.Баасан дарга “Хүндэт” одонгоор шагнасан. ОУ-ын наадамд Монголынхоо үндэсний урлагийг сурталчлаад бие биелэгээч гэсэн шагнал авсан” гэж 83 настай буурай энгүүн өгүүлсэн юм.

Байлдааны гавьяаны улаан тугийн одонтой, Алтан гадас одон, 5 8-н жилийн гавшгайч нисэхийн хүндэт ажилтан, Нисгэгч Д.Нанжид гуайг энэхүү баярт зочноор оролцуулахаар түүний дүү Ч.Чулуунцэцэг “Миний ахад эр хүнд байх ёстой сайхан шинжүүд бий. 4 хүү, 4 охин өгсөн бойжуулж хүмүүжүүлсэн их хөдөлмөрч хүн. Би ахдаа их хайртай. Тэгээд ахыгаа баяруулья гэж бодоод Ачлалт буянт аавуудаа магтаж алдаршуулах энэ арга хэмжээнд оролцуулахыг хүссэн юм. Монголынхоо бүх аавуудад аа урт наслаж, удаан жаргаарай” хэмээн төрсөн ахыгаа энэхүү баярт оролцуулж гэнэтийн бэлэг барих гэж буй дүү нь өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцлаа.

Тус арга хэмжээний үеэр их л олон хөгжилтэй зүйл тохиолддог хэмээн Ч.Үржинбадам гуай дурсаж суулаа. Тодруулбал, Ноднин нэг эмээд гэнэтийн бэлэг барих гээд түүний хүүхдүүд нь хөдөөнөөс шууд авч ирээд Ачлалт буянт аав, ээжүүдийн баярын арга хэмжээнд оролцуулсан аж. Тэгсэн зочин эмээ нь “намайг мал дээрээс дагуулж ирээд дээлээ соль гэсэн ийм гоё арга хэмжээнд оролцуулах байсан юм бол урьд нь хэлэхгүй. Үхэр маань тугалах гэж байсан юм яаж байгаа бол” гэж тэнд цугласан олныг өөрийн сэтгэлээ хуваалцахад нь бөөн инээд хөөр болж байсан хэмээн дурсамжаасаа бидэнтэй хөөрөлдсөн юм.

Х.Даваа