МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулах МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад 16 гишүүн дэмжиж, 12 гишүүн татгалзсан бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал дээр санал хураалт явуулахад тоо тэнцсэн тул дахин санал хураалт явуулахад 15 гишүүн намын даргынхаа саналыг дэмжсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлжээ. Хотын даргын огцруулах эсэхийг НИТХ-аар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм байна.