МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ХХААХҮ-ийн сайдаас огцорсон Д.Батзоригийн оронд хэнийг томилох талаар ярилцжээ. Ингээд  УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрийг дэвшүүлэхээр санал нэгдсэн мэдээлэл байна.

Ч.Улаан нь  1954 онд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшин ажиллаж,  1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдын албыг тус тус хашиж байв.

1996-2000, 2000-2004 онд УИХ-ын  гишүүн, 2000-2004 онд  Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2004-2008 онд УИХ-ын  гишүүн, 2004-2006 онд  Засгийн газрын гишүүн,  Шадар сайд, 2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал, 2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, 2007-2008 онд  Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж ирсэн.

2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших квот олж авахын тулд Д.Тэрбишдагвын хамтаар

МАХН-д элсэн орж байв.  Ингээд УИХ-ын гишүүн болсон төдийгүй Сангийн сайдаар томилогдон ажилласан. 2016 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт  дахин нэр дэвшсэн. 500 сая  төгрөг тарааж санал худалдаж авсан  гэх бараан мэдээтэйгээр тус тойргоос УИХ-ын гишүүн болсон.

Улс төрд удсан хүний хувьд Засгийн газар ганхах, сайд даргын орон тоо гарахыг угтуулан улс төр хийхээ  сайн мэддэг.  Хэрэгтэй цагт  хийг тааруулан  үг хэлж, албан тушаалд очдог мэдрэмжтэй гэж  улс төрийн хүрээнийхэн түүнийг дүгнэдэг. Тэрээр сая ЖДҮХС-гийн зээлийн асуудал яригдаж,  улмаар  ХХААХҮ-ийн сайд Д.Батзоригийг огцруулах асуудал хөндөгдөх үеэр хэвлэлээр гэнэт гарч ирж  “Сайд бүрт сан бий, сайн шалгах  хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.  Тэгвэл одоо Д.Батзоригийн оронд сайдад нэр нь яригдаж эхлээд байна. МАН-ын Удирдах зөвлөл  дэмжсэн ч УИХ-аар хэлэлцэх үед хоёр талцаад буй  32, 32-ын бүлэг нь яаж хүлээж авахыг таашгүй юм.

Эх сурвалж: www.polit.mn