Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхийлөгч зарлиг гаргаж, 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавьчихлаа. Ерөнхийлөгчийн зүгээс иймэрхүү акц хийх нь улс төрийн хүрээнд ярьж байсан  асуудал. Харин энэ хоригийг эрх баригч нам хүлээж авснаар, улс төрийн зарим асуудал намжина гэсэн таамаг байв. 

Ийм сценар тоглолт анхнаасаа бичигдэж, түүний дагуу улс төрийн  үйл явдал өрнөөд дуусах талаар ч яригдаж байсан.    Гэсэн ч МАН-ын бүлэг, байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.  Тэд улс төрийг  арай өөр чиглэл рүү хөдөлгөөд явчихлаа. Өнгөрсөн баасан гаригийн үдээс өмнө эрх баригч намын олонх нь хоригийг хүлээж авахаар тохирсон ч үдээс хойш 15:00 цагт  хуралдаад хүлээж авахгүй гэдэгт санал нэгджээ.  Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгө, концесс, гаалийн шинэчлэлд оруулах төсвийг танаж, мал аж ахуйн парк байгуулахад 500 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ярьж байгаа.

Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төсвийн байнгын хорооны дарга Д.Чойжилсүрэн, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол нартай таван цагийн турш уулзаж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихээр тохиролцсон байна.  Тэгээд Засгийн газрыг төсвөө татаж аваад Ерөнхийлөгчийн хүсээд байгаа 500  тэрбумыг суулгаад эргэж оруулж ирээд батлаад явъя гэжээ. Ингээд Засгийн газарт төсвөө татаж авах санал тавьсан ч яг татдаг дээрээ мөн л гацсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төсвөө эргэн татаж авахыг зөвшөөрөөгүй гэж байгаа.  Харин Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар  Ерөнхийлөгч хориг тавиад түүнийг хүлээж аваад яваад явъя гэдэгт санал нэгдэж,  ийнхүү Ерөнхийлөгч хориг тавьсан юм байна.  Ерөнхийлөгчийн 500 тэрбумыг тусгаж, засварласан төсөв ажлын хэсэг дээр ч бэлэн байгаа гэнэ билээ. Одоо Сангийн яамнаас албан бичиг явуулаад,  эрх баригч намынхан гараа өргөөд шийдчих асуудал үлдсэн байлаа. Гэсэн ч Ерөнхийлөгчийн хориг МАН-ын бүлэг, байнгын хороодын хуралдаан дээр  л уналаа. Хоригийг хүлээж авахаар анхнаасаа тохиролцож оруулж ирсэн ч МАН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж эхэлсэн. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс хэсэгчилсэн хориг  тавихаар тохирсон ч  төсөвт бүхэлд нь хориг тавьж орж ирсэн нь Засгийн газрын зарим гишүүнд таалагдаагүй.

Ийнхүү улс төрд дахиад л үл ойлголцол үүсгэв. Ялангуяа, энэ асуудал дээр  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гол тоглолтыг хийж байна.   Тэрээр  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэн намынхаа зарим гишүүнийг дуудан уулзаж, загнасан гэж байгаа.  Мөн  өнгөрсөн баасан гаригт болсон Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан нэлээд хатуухан үг хэлсэн.  Тэрээр “Ерөнхийлөгчийн хоригийн цаана улс төрийн тогтворгүй байдал бий болгох зорилго агуулагдаж байна. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч үүрэгтэй Ерөнхийлөгч нь ингэж улсаа үймүүлээд байж болдог юм уу, хэтэрхий үймүүлж байна шүү. Арай дэндэж байна. З.Энхболд гэж хүн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн статусын хооронд яс хаяж өөрийнхөө бүх хорон санааг гүйцэлдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гэж их оролдож байна. Чи чадахгүй шүү” хэмээн уурласан.  З.Энхболд ч хариу барьж, Ц.Нямдорж сайдыг буруу зөнөснөөр нь дуудаад авна лээ.    Ийнхүү  Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хүрээнд нэлээд асуудал дагуулав.  Уг нь улс төрд ноцоод байгаа байгаа түймрийг унтраах хориг байсан ч дахиад л  гал тавьчих шиг боллоо.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин