Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга  2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр УИХ-аар батлагдсан. Улмаар 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байдаг.

Энэхүү хууль нь далд эдийн засгийг хумихад ихээхэн нөлөөлсөн ба иргэдэд төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцаан авах боломжийг олгосон. Иргэдийн зүгээс хамгийн их тааламжтай хандсан зүйл нь НӨАТ-ын сугалаанд оролцож мөнгө хожих явдал байв. Хамгийн анх 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  158,580,000 төгрөгийн сантай,  1057864 ширхэг  баримт сугалаанд оролцож эхний тохиролоор 20,000 төгрөгийн 946 баримт, 100,000 төгрөгийн 89 баримт, 500,000 төгрөгийн 9 баримт тодорч байжээ. Харамсалтай нь өнөөдөр энэхүү сугалаанд иргэд сэтгэл дундуур байх болсон. Учир нь сугалааны тохирол эхэлсэнээс 8 сарын дотор нийт 37 удаа азтан болсон нэгэн байхад одоог хэр нь нэг ч удаа азтан болоогүй хүн маш олон байгаа юм. Хамгийн сүүлийн тохирол өчигдөр болж 10 сая төгрөгийн 3, таван сая төгрөгийн 24, нэг сая  төгрөгийн 219, 200 мянган төгрөгийн 1994, 50 мянган төгрөгийн  20484 баримт тохиролд таарч, нийт 22724 иргэн азтан боллоо. Харин супер азтан буюу 175 сая төгрөгийн азтан тодорсонгүй.