Үндэсний аудитын газраас 2013-2014 онд хичнээн идлэг шонхор барьсан, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг олон асуудлыг судалсан байна. Харин 2015-16 оны тоо судалгаанд хяналт хийж чадаагүй аж. Учир нь идлэг шонхор шувуу барих тоо хэмжээг тогтоосон Засгийн газрын 2015-2016 оны тогтоолууд нууцын зэрэглэлтэй гарсан байна. Тэгвэл дээрх онуудад ямар алдаа зөрчил илэрсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор “Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг 5 жилийн хугацаатай хориглох" тухай шийдвэр гаргасан байна.

Монгол Улсаас гадаад оронд амьдаар нь гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2010-2011 онд жил бүр 240 толгой, 2012 онд 150 толгой байхаар тогтоож байсан бол дээрх шийдвэрийн дүнд ашиг олох зорилгоор гадаад улсад гаргах явдлыг зогсоож, 2013 онд 20 хүртэл толгой, 2014 онд 40 хүртэл толгой идлэг шонхор шувууг Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.31 -т заасныг үндэслэн тусгай зориулалтаар гаргахаар шийдвэрлэжээ.

БОНХЯ (хуучнаар)-наас 2013-2014 онд Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар Улс, Кувейт Улсын дээд хэмжээний төлөөлөгчидтэй Монгол Улсаас идлэг шонхор шувуу бариулах, гадаад улсад гаргах талаар гэрээ байгуулан, 55 толгой шонхор шувуу барих тусгай зөвшөөрөл олгосон байна.

Уг шийдвэрийн хүрээнд “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенци, Ховор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.122 дахь заалтын дагуу Удирдан зохицуулах зөвлөлөөс 2013-2014 онд Кувейт Улс руу 35 толгой, Арабын Нэгдсэн Эмират улс руу 10 толгой, Катар Улс руу 10 толгой, нийт 55 толгой идлэг шонхор шувуу гаргах гэрчилгээг олгосноор Монгол Улсын хилээр дээрх тоо хэмжээний идлэг шонхор шувууг гаргасан байна.

Идлэг шонхор шувуу тусгай зориулалтаар гадаад улсад гаргасан 2013- 2016 оны үйл ажиллагааг хамрахаар батлагдсан боловч идлэг шонхор шувуу барих тоо хэмжээг тогтоосон Засгийн газрын 2015-2016 оны тогтоолууд нууцын зэрэглэлтэй гарсан тул холбогдох материалтай танилцах хүсэлтийг ТЕГ-т тавихад “хуульд заасан зохицуулалтын дагуу ил болгох хүртэл танилцуулах боломжгүй” гэсэн хариуг 2017 оны н/283 тоот албан бичгээр ирүүлсний дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/103 дугаар тушаалаар аудитын хамрах хугацааг 2013-2014 оноор хязгаарласан байна.

“Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц”-д Монгол Улс 1995 онд нэгдэн орж, бүртгэгдсэн амьтан, ургамлыг устахаас сэргийлэх үүргийг хүлээсэн бөгөөд тус конвенцийн 2 дугаар хавсралтын устаж үгүй болох аюулд ороогүй ч гадаад худалдааг хатуу хяналт зохицуулалттайгаар явуулахгүй бол устах аюулд орж болзошгүй амьтны зүйлд идлэг шонхор шувуу бүртгэгдсэн байна.

Идлэг шонхор шувуу амьдаар нь гадаад оронд гаргахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор тогтоосон төлбөр 10.8 мян ам.доллар /12.0 мян ам.доллараас 90 хувиар тооцсон/-оор тооцож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр заасан байна. Гэтэл БОАЖ-ын сайдын 2012 оны А-299 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам”-д гадаад оронд худалдаалах зорилгоор идлэг шонхор шувуу барихад Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор баталсан төлбөр хураамж /төлбөр 10.8 мянган ам.дол, хураамж 960 ам.дол/-ыг мөрдөхөөр, харин судалгаа шинжилгээ болон бусад зорилгоор барихад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан экологи-эдийн засгийн үнэлгээ /16.0 сая төгрөг/-г баримтлахаар тус тус зааж, хоёр өөр төлбөр тогтоосон нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. БОНХЯ(хуучнаар)-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас (хуучнаар) идлэг шонхор шувуу барих тусгай зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгохдоо хуулийн заалтыг буруу хэрэглэж Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ болох 16.0 сая төгрөгийн 40.0 хувиар тооцон 6.4 сая төгрөгийг төлүүлж, төсвийн орлого дутуу төвлөрөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тэгвэл төрийн албан хаагчид Үндэсний бахархал шувуундаа тоомжиргүй хандсан байх юм.

1. БОНХЯ (хуучнаар) идлэг шонхор шувуу барих, гадаад оронд гаргах үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна

· 2013 онд Кувейт улсын төлөөлөгч Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Гадаад Харилцааны сайдаас гаргасан хүсэлтийг харгалзан, мөн 2014 онд Монгол Улсын Засгийн газраас АНЭУ-ын төлөөлөгчид илгээсэн идлэг шонхор шувуу бэлэглэх тухай албан бичгийг үндэслэн гэрээ байгуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь журмын 2 дугаар зүйлийн 2.125 -д заасныг зөрчсөн;

· БОАЖ-ын сайдын тушаалаар идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавихаар журамласан байхад ажлын хэсгийг байгуулаагүйгээс 7.126, 7.227 дахь заалт хэрэгжээгүй;

· Журмын 8 дугаар зүйлийн 8.1-д идлэг шонхор барих авто тээврийн хэрэгслийн тоо нь гэрээлэгч тус бүрийн 10 шонхор тутамд 5-аас илүүгүй байна, 8.2-т идлэг шонхор барих гадаадын иргэдийн тоо гэрээлэгч тус бүрийн 10 шонхор тутамд 8-аас илүүгүй байна гэж заасан байхад 10 толгой идлэг шонхор тутамд 14 гадаадын иргэн, 17 автомашин явсан байна.

2. Идлэг шонхор шувуу барих үйл ажиллагаанд орон нутгийн захиргааны байгууллагаас тавих хяналт сул байна

· Өвөрхангай аймгийн МХГ-аас Засгийн газрын тогтоолоор идлэг шонхор шувуу ашиг олох зорилгоор 5 жилээр хориглосон тул бүтээгдэхүүн нийлүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхээр тусгаагүй;

· Хэнтий аймгийн БОГ-аас 2014 онд идлэг шонхор шувуу соёлын зориулалтаар барих ажилд хяналт тавьж, 14 хоног тутамд ажлын тайлан ирүүлэх тухай албан тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн боловч сумдаас тайлан ирүүлээгүй;

· Баянхонгор аймгийн МХГ идлэг шонхор шувуу барьсан талаар мэдээлэлгүй, сумдаас 2015 оноос тайлан авч эхэлсэн байна. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын байгаль орчны байцаагч 2014 онд Завхан аймгийн Шилүүстэй сумаас явж байсан 2 автомашинтай иргэдийг саатуулан 3 идлэг шонхор шувуу барьсан байсныг илрүүлсэн;

· Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрээс 2013 онд 3 идлэг шонхор шувуу барьсан отогт сумын байгаль орчны улсын байцаагч, аймгийн байгаль орчны мэргэжилтэнтэй хамтран хяналтыг зөвхөн 1 удаа хийсэн байна.

· Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дэвсгэрээс 2 толгой идлэг шонхор барьсан зөрчил илэрсэн талаар сумын байгаль орчны байцаагч акт үйлдсэн гэх боловч, нотлох баримтгүй;

· Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга 2014 онд идлэг шонхор шувуу амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортлох үйл ажиллагааны явцад хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулсан боловч ажлын хэсэг хяналт тавьсан ажлын тайлан, акт үйлдээгүй.

Энэ мэтчилэнгээр төрийн албан хаагчид шонхор шувуунд хүндэтгэлгүй хандсан нь Идлэг шонхор шувуу барих, гадаад улсад гаргах үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитаар илэрсэн зөрчлийн жагсаалтаар батлагдаж байгаа юм. Уг жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шонхор шувуу бол Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болсон Үндэсний бахархалт шувуу. Гэтэл иргэд биднийг төлөөлөн төрд алба хааж байгаа албан тушаалтнууд ажилдаа ийм л хариуцлагагүй хандаж байгаа эмгэнэлтэй...