Дэлхийн 190 гаруй орны үзэгчдэд хүрсэн "Got talent" шоуг "Монгол НD" телевизийнхэн гурав дахь удаагаа зохион байгуулж, шилдэг 32 оролцогчийг тодруулаад байгаа билээ. 67 оронд амжилттай нэвтрүүлсэн олон улсын контентыг манайхан нутагшуулсан нь сайн хэрэг.

Гэхдээ уг шоу нэвтрүүлгийг анхлан зохион байгуулж байснаасаа чанар нь дордоод байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Би ч энэ шоуны дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээдэг үзэгчийн нэг юм. Энэ удаагийн шоуг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нараар шүүгчдийн бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Салбар салбарын төлөөллөөс бүрдсэн тэднээс үзэгчид их зүйл хүлээж байсан. Харамсалтай нь, тэдний сонголтод байна уу, эсвэл шоуны оролцогчдоос шалтгаалав уу энэ жилийн "Авьяаслаг монголчууд" тааруухан болчихлоо. Шоу нэвтрүүлэг хөшгөө хаах болоогүй л дээ. Гэхдээ энэ шоуг олон улсад цацаж байгаатай нь харьцуулахад нүд хужирлах зүйл цөөн байгаа юм. Үүнийг үзэгчдийн сэтгэгдлээс харж болохоор байна. Хот төдийгүй орон нутгаас шилдгийг нь тодруулж оролцуулдаг шоунд энэ жил дуучин, бүжигчин, илбэчин, элэглэгч гээд олон төрлийн чадвартай хүмүүс тунан үлдэж, шилдэг 32-ыг бүрдүүлж байгаа. Гэхдээ тэдний үзүүлбэр үнэхээр үзэгчдийн сонирхлыг татаж байна уу гэвэл өөр хариулт гарна. Шүүгчид нь сэтгэл хөдлөлдөө автаж оролцогчоо сонгосны балгаар “Авьяаслаг монголчууд" шоуны рейтинг унаад байна. Тиймээс л тэднээс "Авьяастай монголчууд хааччихсан юм бэ" гэж асуумаар байгаа юм. Үнэхээр манай улсад авьяастай монголчууд алга уу, эсвэл тэднийг харах хурц хараатай шүүгч олдохгүй байна уу.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин