Өнгөрсөн жилээс эхлэн шатахууны үнэ тун тогтворгүй байгаа. Ялангуяа өнгөрсөн зун наадмын өмнөөс эхлээд ойр ойрхон нэлээд хэдэн удаа нэмэгдсэн шатахууны үнийн өсөлтөд иргэд нэлээд бухимдан жагсаал цуглаан ч өрнөсөн.

Улс төрийн зарим нэг оролцоотой гэх хардлага үүссэн энэ жагсаал цуглааны төлөөлөгчид эрх баригч нартай уулзах үеэрээ сэдвээсээ гажуудан хэн нэгнийг дэмжих хөдөлгөөн мэт аялагсан нь ч үнэн. Гэсэн хэдий ч иргэдэд бодит үнэн л хэрэгтэй байлаа. 

Шатахууны үнийг буулгаж, бензин дутуу шахдаг, стандартын бус октан нэмж шатахууныг иргэдэд худалдаалдаг байдлыг таслан зогсоох, дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурахад дагаад бууруулдаг тогтолцоотой болох зэрэг санал хүсэлтийг Засгийн газрын эрх баригчдад уламжилсан. 

Шатахууны үнийн өсөлтийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ " Нэг баррель түүхий нефтийн үнэ  буурсаар байна. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөнгүүт нь сандарч ямар нэгэн арга хэмжээ авмааргүй байна. Сүүлийн үед тасралтгүй буурч байна. Цаашид шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Өмнө нь “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд өчнөөн их наяд төгрөг тараасан. Энэ ажлыг дахиад хий гэж хэлж байна уу гэдэг нь асуудал юм. Зах зээл дэхь үнийн өсөлтийн шокийг хамгийн сайн шингээдэг зүйл бол зарчим. Зах зээлийн зарчмаар л явах асуудал. Явах ёстой гээд зүгээр суулгүй татварыг нь тэглэсэн" гэж хэлсэн юм.

Өргөний хэрэглээний АИ 92 шатахууны үнэ нийслэлд 2000 төгрөгт ойртоод байгаа бол орон нутагт 2500 төгрөгт дөхөөд байна.

Он гарснаас хойш Онцгой албан татварын нэмэгдлээр шалтаглан  таван удаа шатахууны үнэ нэмэгдснээр өнөөдрийн байдалд хүрсэн юм. Тухайлбал, он гарах мөчид  өргөн хэрэглээний АИ 92 төрлийн шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байсан бол баярын өдрүүдэд тэд нано 92 шатахуун 1890, АИ95 шатахуун 1820, АИ92 1650 төгрөг болгосон. Түүнчлэн шинэ жилийн баярын амралтын үеэр АИ92 бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийж “30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэж байсан бол зарим нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн картаар олгож байсан. Ингэхдээ шатахууны онцгой албан татварыг нэмснээр АИ 92 түлшний зардал литр тутамдаа 180, дизель түлшнийх 210 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тайлбарлаж байсан. й

Энэ мэтээр эрх баригчид элдэв тайлбар шалтаг хэлсээр цаг авсаар. Тэдний хувьд албан тушаал суудлаа л илүүд үздэг болохыг хүн бүр л мэдэж байгаа. Харин иргэдийн дунд өргөн хэрэглээний бараа таваар болон шатахууны үнэ буурах аа хүлээсээр л сууна. Харин хэзээ гэдэг нь тодорхой бус хэвээр л байна. Албан тушаалын төлөөх тэмцэлдээ ухаанаа алдсан эрх баригчид та бидний ирээдүйд ойрмогтоо л санаа зовнихгүй байх даа.