Эмэгтэй хүн гоо сайхан байх нь зүйн хэрэг ч үүний сацуу дотоод гоо сайхан, мэдлэг боловсрол, хүн чанар үгүй бол эмэгтэй хүн гэх нандин нэрийн төгс илэрхийлэл болж чадахгүй билээ.

Тэгвэл Монгол эмэгтэй Оюундалайн Цацрал энэ бүхний илэрхийлэл байхыг эртнээс зорилгоо болгосны үндсэн дээр дэлхийн хүн бүрийн суралцахыг хүсдэг "Харвард"-ын их сургууль, болон "LACC"-д суралцаж чаджээ. Энэ нь түүний туйлын хүсэл байсангүй.

Тэрээр цаг зав хомс хичээл ихтэй байдаг ч энэ бүгдийн хажуугаар асран хамгаалагчгүй өндөр настнуудад зориулсан хүмүүнлэгийн ажлыг 10 жилийн турш зохион байгуулсаар ирсэн юм. Уг сайн дурын ажлаа өргөтгөн олон улсын томоохон хүмүүнлэгийн ажлуудыг Монголдоо нэвтрүүлэх зорилготойгоор 2018 оны 11 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан "Miss Asia USA" /Мисс Азиа Америк/ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцжээ. 

Тус тэмцээний хувьд энэ жил 30 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд мэдлэг чадвар, авъяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлддөг юм. 

Энэ жил Монгол улсаа төлөөлөн оролцсон О.Цацрал "Photogenic Miss" /Мисс Азиа Фотомисс/  авардсын ялагч болоод зогсохгүй 2018 оны буюу “Miss Global Ambassador” буюу /Мисс Глобал/ ялагчийн титмийн эзэн болж бахдам амжилт гаргалаа. 

Үүнээс өмнө 2009 онд "Miss Asia USA"-д мисс Хандаа амжилттай оролцож Монгол улс уг тэмцээнд оролцох эрхтэй болж байжээ.

Өөрийн үйл хэрэг, гоо үзэсгэлэн, мэдлэг чадвараараа олон охид, бүсгүйчүүдэд урам зориг, үлгэр дуурайлал болж яваа О.Цацралд халуун баяр хүргэхийн зэрэгцээ ирээдүйн их үйлсд нь өндөр амжилт хүсэе. 

 

www.Dorgio.mn