УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэвлэлийн ажилтанг орцонд нь ороход нь хүн зодсон гэх хэвлэлийн бага хурлыг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл тус хэргийн талаар дараах тодруулгыг хүргэж байна. 

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд оршин суух “З” нь үл таних хүмүүст зодуулсан гэх гомдлыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдээлснийг жижүүрийн бүрэлдэхүүн хүлээн авч, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнийн 02.30 цагийн үед “З” өөрийн гэр болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо 40 дүгээр байрны шатаар өгсөж байхад үл таних 2 хүн араас нь боож нүүрэн тус газар нь хатуу зүйлээр цохиж, өшиглөн гэмтэл учруулан зугтаасан гэх асуудлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон байна.

2018 оны 11 дүгээр сарын 17-оос 18-ыг шилжих шөнийн 01.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айриш паб”-ын вип өрөөнд хохирогч “З” нь өөрийн үеэл дүү болох “М”, түүний найз болох “М” нартай орж, архи хуваан ууж, улмаар хоорондоо маргаж “З” нь үеэл дүү “М” рүү ширээн дээр байсан задлаагүй лаазтай ундаа авч шидсэн нь түүний цээж орчимд оносоныг “М” авч зөрүүлэн шидэж “З”-ийн толгойг онож хагалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул сэжигтэн “М”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01.50 цагт сэжигтнийг баривчилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүлээлгэн өгч, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа болно.